Ерөнхий сайд том төслүүдэд УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүслээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Засгийн газраас хариулт авч байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл хөтөлбөрүүдэд УИХ-ын гишүүдээс улс төрийн дэмжлэг хүсч, нэгдмэл байхыг санууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүд та бүхнээс хэд хэдэн асуудлаар улс төрийн дэмжлэг хүснэ. Том шийдэл бүхэн дандаа цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Жишээ нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энд олон хөрөнгө оруулагч ордог. Заримд нь таалагдахгүй зүйл гарна. Тэр бүхэнд улстөрчидтэй холбогдож, улс төрийн акц хийх шаардлага гарна. Удахгүй жагсаал цуглаан ч болж магадгүй. Энэ бүхэнд би хөтлөгдөөд явах уу, эсвэл эрчим хүчний хараат байдлаас гарах том зорилгын өмнө нэгдмэл байж чадах уу.
Оюутолгой ч ялгаагүй. Засгийн газар ямар ч хатуу шийдвэр гаргаж болно. Дахиад тэнд эсэргүүцлийн томоохон асуудал гарч магадгүй. Тэр үед бид нэгдмэл байж чадах уу” хэмээн дэмжлэг хүсэхийн зэрэгцээ гишүүдээс ам асуулаа.
Цар тахал, том төслүүд, Оюутолгойн асуудалд нэгдмэл байр суурьтай байж давж гарна гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ