Сургуулийн сэтгэлзүйч: Сурагчдын дасан зохицох чадвар удааширсан байна

Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж байгаа. Ингэхдээ тэд хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг этр илрүүлж хөгжүүлэх, сэтгэлзүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм. Ингээд бид сурагчдын сэтгэлзүйн асуудлын талаар Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сэтгэлзүйч Г.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-уудад сэтгэлзүйчид ажиллаж эхэлсэн. Сургуулийн орчинд сэтгэлзүйн ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Сурагчид өмнө нь сэтгэлзүйчтэй уулзаж, зөвлөгөө авах нь цөөхөн байлаа. Сургуулийн удирдлагууд, ангийн багш болон эцэг эхчүүд хэн нэгний зөвлөснөөр байгууллагын сэтгэлзүйчид ханддаг байсан. Нийтийг хамарсан сэтгэлзүйн үйлчилгээ байгаагүй. Харин энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн орчинд сэтгэлзүйч ажиллах нь сурагчдад маш сонирхолтой байна. Аливаа асуудалд нээлттэй ханддаг сурагчид нь хамгийн түрүүнд зөвлөгөө авч, ярилцаж байна. Сурагчдын хувьд өөрийнхөө онцлог, давуу талыг мэдэх хүсэлтэй байдаг. Цахим болон танхимаар хослуулан хичээллэж байгаа энэ үед суралцах үйл явц болон хоорондын харилцаа зэрэг асуудлуудаар сурагчид зөвлөгөө авч байгаа. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах зэрэг асуудалд зөвлөгөө мэдээлэл авч байна. Сургуулийн сэтгэлзүйчид зөвхөн тухайн сурагчтай холбоотой асуудлаар эцэг, эхчүүд болон багш нарт зөвлөгөө өгдөг. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд харьцангуй сэтгэлзүйн боловсролтой болж байна.
-Сургуулийн сэтгэлзүйчид үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд ажилладаг. Тодруулбал,
Сэтгэлзүйн оношилгоо, үнэлгээ
Сэтгэлзүйн боловсрол олгох сургалт
Сэтгэлзүйн зөвлөгөө
Сэтгэлзүйн урьдчилан сэргийлэх ажил гэсэн дөрвөн чиглэлээр ажилладаг.
Одоогоор бага ангийн сурагчидтай түлхүү ажиллаж байна. Хүүхэд сургуульдаа дасан зохицож суралцсанаараа амжилттай байх, зөв нийгэмших зэрэг маш олон давуу талтай. Цаашдаа эцэг эхчүүд болон багш нарт сэтгэлзүйн боловсрол олгох сургалтууд явуулна. Хүүхдүүдийн насны өвөрмөц онцлогуудыг танилцуулна.
Сүүлийн үед сурагчдад сэтгэлзүйн ямар өвчлөл илүү өртөөд байна вэ? Сургуулийн орчинд ямар дарамт шахалт гарч байна вэ?
-Коронавирус цар тахлын улмаас сурагчид хоёр жилийн хугацаанд цахимаар хичээллэсэн. Энэ хичээлийн жилээс танхим болон цахимаар хослуулан суралцаж байгаа. Үүнээс үүдэн сурагчдын дасан зохицох үйл явц нь маш удаашралтай байна. Удаан хугацааны дараа сургуулийнхаа танхимд суралцах нь шинэлэг байдаг. Энэ нь сурах үйл явцад нөлөөлж байна. Жишээлбэл, сурагч, ангийнхаа найзуудтайгаа нээлттэй харилцдаг байсан бол үзэл бодлоо илэрхийлж чадахаа болих, багшдаа өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг асуудлууд ихэвчлэн бага, дунд ангийнханд ажиглагдаж байна. Харин ахлах ангийнхны хувьд үзэл бодлоо илэрхийлэх бус дотогшоогоо болсон шинж тэмдэг ажиглагдаж байгаа.
Манай сургуульд 5739 сурагч суралцдаг. Хоёр мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж байгаа. Өдөрт дунджаар 5-6 сурагч сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авч байна. Хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд өөрсдийгөө таниулахад анхаарч байна.
Өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог ямар байдаг вэ?
-Бага ангийн сурагчдын анхаарал төвлөрөлт богино хугацаанд 7-8 минут байдаг. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургуульд хичээл 35 минутын хугацаатай орж байгаа. Тиймээс тухайн хичээлд хүүхдийг хэрхэн идэвхтэй суулгах, мэдээлэл өгөөд өнгөрөх бус мэдлэг олгох зэрэг зөвлөгөөнүүдийг багш нарт өгөх шаардлагатай байгаа.
Дунд ангийнхны хувьд өөрөө өөрийгөө танин мэдэх, хувь хүнийхээ онцлог давуу талыг мэдрэх хэрэгцээ маш их байдаг. Хэрэв энэ бүгдийг ойлгож мэдэхгүй бол өөртөө итгэлгүй болох, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
Ахлах ангийн сурагчдын хувьд шилжилтийн насан дээрээ байдаг. Энэ үед үе тэнгийнхэн, эцэг эх, багш нартайгаа ойлголцохгүй байх харилцааны асуудал үүсдэг. Мөн мэргэжил сонголтын асуудал байдаг.
Сэтгэлзүйч тухайн сурагчийн асуудлыг тодорхойлдог. Ингээд сургуулийн орчны асуудал байвал анги танхимд сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Харин гэр бүлийн хүрээний асуудал байвал тухайн сурагчийн эцэг эхтэй уулзаж зөвлөгөө өгдөг.
Хүүхэдтэйгээ зөв харилцах асуудалд уншигч, эцэг эхчүүдэд зөвлөвөл?
-Хүүхдийнхээ онцлогийг харгалзан үзэж, бусадтай харьцуулахгүйгээр хүүхдээ байгаагаар нь хайрлаж, ойлгоорой гэж хэлмээр байна. Тухайн хүүхэд хэнтэй ч харьцуулагдаагүй мэдрэмж авснаараа нийгэмд идэвхтэй сурлага сайтай, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаг хувь хүн болж бэлтгэгддэг. Мөн сэтгэлзүйн тайван орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ