Дэлхийн хотуудын алслагдсан сууриндаа хүн татах арга

img

Суурин газрууд, хот, улс орнууд хүний олноор хөгжилд хүрдэг. Оршин суугчдын тав тух, ажлын байр, амьдрах нөхцлийг бүрдүүлж чадаагүй газраас хүмүүс олноор нүүдэллэн, их хотыг зорьж, харин хоосорч үлдсэн хотууд эргэн хөл дээрээ зогсож, хөгжин цэцэглэхийн тулд төрөл бүрийн арга ашигласаар л байгаа юм. 

 

Шинээр суурьшин ирсэн хүмүүст мянган доллар өгч, ямар ч түрээсгүйгээр офисын байр ашиглуулж, үнэгүй кофе, спортын бэлтгэлд үнэ төлбөргүй  хамрагдах гээд АНУ-ын жижиг, алслагдсан хотууд хүн амаа өсгөх, оршин суугчдыг татах зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэж байна. 

 

The Wall Street Journal сонины мээдэлснээр, коронавирусийн цар тахал өмнө нь ч хүн ам нь эрс багасч байсан жижиг хотуудын нөхцөл байдлыг улам доройтуулжээ. Тиймээс Канзас мужийн төв Топика хотын эрх баригчид энэ хотод суурьшихаар ирсэн хүмүүст 10 мянган доллар олгохоор болсон байна. 

 

Ийм аргыг 13 мянган хүн амтай, Миннесотагийн алслагдсан хот болох Бемижи ч ашиглаж байлаа. Энэ хотыг зорих хүмүүст жилийн туршид үнэ төлбөргүй ашиглах офисын байр ч санал болгож байв. Харин Индиана муж дахь 11 мянган хүн амтай Гринсберг хотод илүү өвөрмөц санал гаргасан байна. Тэнд залуу гэр бүл ирж суурьшвал хүүхдүүдийг нь харж өгөх эмээ, өвөө нарын үйлчилгээг санал болгосон аж. 

 

Алслагдсан хотууд шинэ ажилтнуудын сонирхлыг татах давалгаанд Индианаполисын бизнесменүүд ч нэгдэн, MakeMyMove нэртэй цахим хуудас нээж, түүндээ шилжин суурьшигчдыг татах бүхий л саналуудаа нэгтгэж байгаа аж. Энэ сайтын уриа нь "Танд таалагдах тэр газарт, таалагдах ажлаа хийн мөнгө олоорой".  Сайт дээр амжилтын түүхүүдийн талаарх ярианууд ч бий. Тухайлбал, Люк нэртэй нэгэн залуу Талса хотыг зорьж, Tulsa Remote  хөтөлбөрийн хүрээнд гарааны 10 мянган долларын чек авчээ. Түүний хувьд хамгийн гол нь орчноо сольж, амьдралаа дээшлүүлэн, ажлын үр бүтээмжээ нэмэгдүүлсэн байна. 

 

Ийм хөтөлбөрүүд АНУ-ын захын мужуудад олноор хэрэгждэг. Тухайлбал, Айовад 10 мянган доллараас гадна Ньютон хотод шинээр байр авсан тохиолдолд 2,5 мянган долларыг засварт зориулан өгдөг аж. 


Зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бусад орнууд ч алслагдсан, жижиг суурингуудад хүн амыг татахын тулд төрөл бүрийн санал дэвшүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд л Финляндын Палтамо хот шинээр суурьшигчдыг татахын тулд үнэгүй байр амалжээ.

Тодруулбал хотын аль нэг байгууллага, компанид ажилд орсон, мөн түүнчлэн хагас жилээс багагүй хугацаагаар орон сууц түрээслэх гэрээг захиргаатай хийсэн иргэн бүр энэ боломжийг ашиглаж болох аж. Хотын захиргааны санал болгосноор эхний гурван сард захиргаанаас олгосон байранд үнэ төлбөргүй амьдрах боломжтой бөгөөд орон сууцны бүхий л зардлыг хотын захиргаа хариуцах юм байна. 


Энэ хот 4000 хүрэхгүй хүн амтай,  хэдэн дэлгүүр, номын сангаас өөр байгууллага гээд байх зүйлгүй, хамгийн ойрын хот руу хүрэхэд 150 км зам туулах шаардлагатай, ажил олоход ч хэцүү, тиймээс ч хотын захиргаанаас гаргасан саналыг ашиглах хүн төдийлөн гарахгүй байгаа талаар Финландын хэвлэлүүд бичжээ.


Гэхдээ хотын захиргаа "Ковидын дараах нөхцөлд алсын зайнаас ажиллах боломж ихээхэн нэмэгдсэн энэ үед бидний санал, тохиромжтой сууц хүмүүсийг манай хотод татна гэж бид үзэж байгаа" хэмээн мэдэгдсэн байна. 


Хойд хөршид 

Оросын Вологода мужийн эрх баригчид шинээр суурьшигчдад газар эзэмших эрх өгнө хэмээн амалдаг. Тиймээс энд газар эзэмших хүсэлтэй хүн олноор гарчээ. Газрыг шууд л өмчлөлд шилжүүлдэг нь хүмүүст таалагддаг, гэхдээ үүний тулд тодорхой нөхцөл шаардлагатай. Үнэ төлбөргүй өмчилж авсан газартаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, фермерийн аж ахуй, хадлан, мал сүрэг бэлчээрлүүлэх үйл ажиллагаа явуулж болно. 

 

Харин Архангельск мужийн Березник сууринд ирсэн эмч, багш болон бусад ажилтнууд мөн л газар өмчилөхийн дээр байшин барихад зориулан хоёр сая рубль авахын дээр хүүхэд төрвөл мөн л дэмжлэг үзүүлдэг гэнэ. Гэхдээ энэ дэмжлэг нь улсаас өгч байгаагаас тусдаа, бизнесийн байгууллагууд “шинэ хүнээ” ингэж угтдаг аж. 


Березник суурингийн сурагчид Европ стандартаар тоноглогдсон сургуульд сурах бөгөөд гурван жилийн өмнө энэ тосгонд баригдсан Мөсөн ордонд хоккей, уран гулгалтын дугуйланд үнэ төлбөргүй хамрагддаг аж. 

 

Манай улсад ч мөн хөдөө рүү хүн татах, алслагдсан сум суурингуудын хүн амыг нэмэгдүүлж, тэр хэрээр хөгжилд хөтлөх олон аргыг хэрэглэсээр байгаа юм. Тухайлбал, орон нутгийг зорьсон багш нар очсон газартаа гурван жил тогтвор суурьшилтай ажилласан нөхцөлд мөнгөн тэтгэмж олгох, эмч багш нарыг орон байраар хангах зэрэг саналууд гарсаар байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
manaih iim ih nutag devsgertei bj hotdoo niisleldee shavaad bx yum.huduu garahiig ni ulsaas demjij uguuchee.mungu bair gazar uguh heregtei.iddeg uursdiiguu bayajuuldag mungunuusuu garga
2021-10-15