Зайсан Хилл-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Хотын дарга Д.Сумъяабазар, УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү нарын албанынхан хэвлэлийн хурал хийлээ.
Энэ сарын 15-нд Зайсан Хилл цогцолборт Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдаж, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн. Энэ удаагийн тоглолт анхных биш Зайсан Хилл цогцолбор нь удаа дараа зөрчил гаргаж байгааг хотын дарга хэллээ. Тодруулбал, Зайсан Хилл цогцолбор нь:
-
Улаанбаатар хотын ЗАА-тай хариуцлагын гэрээ байгуулаагүй
-
Түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн
-
2021 оны 08 дугаар сараас хойш 3 удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн
-
08 дугаар сарын 03-наас хойш зөрчлийн 10 гаруй удаагийн үйлдэл гаргасан байна.
Энэ үйлдлүүдэд мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас шаардлага тавьж ирсэн. Камертон хамтлаг нь тоглолт зохион байгуулах талаараа НОК-т мэдэгдээгүй байна. Тиймээс хариуцлагын гэрээ байгуулаагүй Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага тооцож, ажил албан тушаалтай нь ярина гэдгээ хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Мөн Зайсан хилл цогцолборт зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа бөгөөд маргааш шүүхэд шилжүүлж, зохих хариуцлагыг тооцно гэдгийг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргал мэдэгдэв.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж, олон зөрчил илрүүлсэн. Ажилчид нь вакцины хоёр дахь тунд хамрагдаагүй, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгээгүй, үйлчлүүлэгчдийн халуун үздэггүй, зай барьдаггүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс торгууль тавьж, Собт трейд компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ