ОХУ-д сүргийн дархлаа 45 хувьтай байна
Хойд хөрш ОХУ-д сүүлийн үед халдвар болон нас баралтын тохиолдлууд эрс нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх нас баралт цар тахал нүүрлэснээс хойших хугацаанд хамгийн дээд төвшинд хүрээд байгаа юм.
Оросын эрдэмтэд коронавирусийн халдвараас сэргийлэх олон төрлийн вакцин гарган авч, дэлхийн хамгийн анхны вакцин үйлдвэрлэснээ зарлаж, улмаар хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ч вакцин эсэргүүцэгчдийн тоо буурахгүй хэвээр байгаа. Вакцин тариулаагүйн улмаас халдварын тоо ч эрс нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, Орост сүргийн дархлаа 45 хувьд хүрсэн гэнэ. Энэ улсад 51 сая гаруй хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 47,5 сая хүн бүрэн тунд хамрагджээ.
Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын мэдээлснээр, сүргийн дархлаа тогтоохын тулд 90 сая хүнийг вакцинд хамруулах, түүнчлэн дархлаажуулалтад хамрагдсан эсвэл хагас жилээс өмнөх хугацаанд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 7,6 сая хүнийг вакцинд хамруулах шаардлагатай аж.
Энд дуулгахад, сүүлийн өдрүүдэд Орост хоногт илрэх коронавирусийн халдварын тоо 30 мянгыг давж байгаа юм. Өнгөрсөн хоногт гэхэд л 33 208 тохиолдол шинээр илэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш Орост 7,9 сая хүн халдвар авснаас 218 мянган хүн нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ