СУРВАЛЖЛАГА: Захынхан бараагүй болж, захиалсан бараа нь хаана явааг мэдэхгүй байна

Цар тахлын улмаас урд хил хаагдаж, хүнс, бараа бүтээгдэхүүн хомсдох эрсдэлтэй байна. Тэгвэл өргөн хэрэглээний хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт хэрэгцээ, нөөц хүрэлцээ хэр байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив. Энд олны хөл тасардаггүй хэвээр. “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн, жимс ногооны лангуу руу орлоо. Жимс жимсгэнэ, нарийн ногооны үнэ эрс нэмэгдсэн. Харин хүнсний ногооны хувьд харьцангуй гайгүй ч өмнөх сартай харьцуулахад бага хэмжээгээр өссөн гэдгийг худалдагч нар хэлж байна. Сарын өмнө шинэ ургацын монгол төмс 800, лууван 2000, байцаа 1500, манжин 2500 төгрөгийн үнэтэй байв. Харин өнөөдөр монгол төмс 900, лууван 2500 төгрөг болон нэмэгджээ. Байцаа, манжингийн үнэ хэвээр байна.
Хүнсний лангууны худалдагч “Хүнсний бүтээгдэхүүн дотроос нарийн ногоо хамгийн их тасарч байна. Барс худалдааны төв гэхэд одоо хоосорсон гэнэ. Манайх одоохондоо хоосорсон лангуугүй байна. Гэхдээ хил хаасан нь бидэнд маш их хүндрэл учруулж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Хил хаагдахаас өмнө хүнсний бүтээгдэхүүнээ татаж авчирсан. Хүмүүс үнэ ханшаа нэмлээ, шуналтай гээд л байдаг. Урдаас бараа бүтээгдэхүүнээ үнэтэй авч байгаа юм чинь нэмээд л зарна. Ингэж байж л бид амьдрана шүү дээ. Ийм хүнд хэцүү үед төр засаг маань ямар нэг арга хэмжээг хурдан аваасай гэж хүсч байна” гэв. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн хомсдоод байгаа юм биш. Хил, гааль дээр гацсан хувцас хэрэглэл, бараа тоймгүй их бөгөөд бараа бүтээгдэхүүний нөөцгүй болсон, орлого нь муудсан худалдагч нар үүнийг хэрхэн шийдэх учраа олохгүй байна.
“Содон бөмбөгөр” худалдааны төвийн хоёр давхарт байрлах барааны лангууны худалдагчтай цөөн хором ярилцлаа.
Хил гааль хаагдчихлаа. Бараагаа татаж авч амжсан уу?
-
Эрээн хаагдахаас өмнөхөн бараагаа амжаад татсан. Гайгүй нөөц бий. Цар тахлаас болоод хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан. Коронавирусын халдвар гарч эхлэхтэй зэрэгцээд л бараагаа бөөндүүлээд татаад эхэлсэн. Бусад лангууг хараад байхад ихэнх нь бараагаа татаж чадаагүй байна.
Урд хил дээр татаж авах гээд чадаагүй гацсан бараа бий юу?
-
Байгаа, Бээжингээс бараа захиалсан байсан юм. Одоо хаана ч яваа юм бүү мэд. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Яаж авахаа ч мэдэхгүй байна. Хил нээгдэхийг л хүлээх байх.
Барааны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү?
-
Манайх бол огт нэмэгдээгүй. Хэдий ачааны үнэ нэмэгдээд 40 юаниар ирдэг бараа 400 юань болчихоод байгаа ч наймаагаа гайгүй эргэлтэнд оруулах гээд л үнээ нэмж чадахгүй байна. Хүмүүс үүнийг ойлгодог уу, үгүй юу бүү мэд.
Гацчихаад байгаа бараагаа авах ямар гарц хайж байна?
-
Хил л нээгдэхээр авах байх. Өөр аргагүй. Гэхдээ төр засаг анхаарч ямар нэг арга хэмжээ авах байлгүй дээ.
Таны орлого ямар байна, буурсан уу?
- Хүмүүсийн худалдаж авах чадвар муудаад байгаа болохоор тодорхой хэмжээнд буурсан. Хамаг мөнгөөрөө бараа захиалсан байдаг. Ингээд гацчихаар алдагдалд оролгүй яахав. Хил хурдан нээгдэхгүй бол ч улам л хэцүү болох нь.
Алтжин бөмбөгөр худалдааны төвийн эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцасны лангууны худалдагч ”Хил хаагдсан болохоор бараагаа татаж авч чадаагүй байна. Эрээн дээр бараа гацчихаад байна. Бид байгаа мөнгөндөө тааруулж л бараагаа захиалсан. Гэтэл түүнийгээ эргэлтэнд оруулж чадахгүй, яаж тэндээс татаж авчрахаа ч мэдэхгүй зогсонги байдалд орчихоод байна. Хил гааль нээгдэхийг л хүлээх байх даа. Энэ жил тэгээд түрүү жилийнхээ барааг зарж байтал өнгөрөх бололтой” гэв. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл их байгаагийн хажуугаар үнэ өртөг нь өмнөх сараас нэмэгдсэн байгаа гэдгийг зарим худалдагч нар учирлан тайлбарлаж байна.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ