Д.Баярболд: Бага насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар судалж байна
2021-10-29

 

Дэлхий дахинаа коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байна. Тодруулбал, АНУ 5-11 нас, БНХАУ 3-11 насны иргэдээ вакцинжуулж эхэлжээ. Тэгвэл манай улс 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулах эсэх асуудлыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

 

Манай улсад дархлаажуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. 12-оос доош насныхныг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах уу?

 

-ЭМЯ-наас 12-18 настай хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэр гаргаад 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Одоогийн байдлаар манай улс 12-оос бага насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөлт байхгүй байна. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 12-оос доош насны хүүхдүүдийг хамруулах эсэх судалгааг ЭМЯ-наас хийж байгаа. Мөн олон улсын судлагаа шинжилгээг анхааралтай ажиглаж байна.

 

Өнөөдрийн байдлаар Файзер компани АНУ-ын Хүнс эмийн агентлагт 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг хийхээр санал гаргаад байна. Ингэхдээ 12-оос дээш насныханд хийж байгаа вакцин шиг үү эсвэл хэмжээг нь багасгах уу зэрэг нарийн асуудлыг ярилцаагүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн вакцины хэмжээ, савлагаа зэрэг зүйлс нь тодорхой бус байна. Гэхдээ том хүнд хийж байгаа вакцины хэмжээнээс бага байх нь тодорхой. Үүнийг ажиглаж байна. Хамгийн чухал нь судалгаа шинжилгээтэй, баталгаатай вакциныг авч, 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулна.

 

Манай улсад 3-11 насны 610 871 хүүхэд  байна.

 

Дархлаажуулалтад хамрагдсан 12-18 насныханд сөрөг хариу урвал илэрч байна уу?

 

-Вакцины дараа хариу урвал илэрдэг. Тодруулбал, тухайн хүүхдийн биед гадны биет ороход ямар нэгэн байдлаар хариу урвал илэрнэ. Үүнийг ХӨСҮТ-өөс бүртгэж, анхааралтай ажиглаж байгаа.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин