Ж.Эрхэмбаяр: Бидэнд нарийн ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бий

img

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар дэгдэж, боомт хаагдаад 15 хонож байна. Үүнээс үүдэн тус боомтоор харилцдаг манай улсын импорт, экспорт зогсч, зарим бараа бүтээгдэхүүн тасрахад хүрээд буй. Тухайлбал, нарийн ногооны нэр төрөл цөөрч, үнэ нь нэмэгдлээ. Тэгвэл бидэнд нарийн ногооны дотоодын хэрэгцээгээ хангах боломж бий юу. Энэ талаар Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн, “Green city garden” компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяртай ярилцлаа.

 

 

-Эхлээд хоёулаа манай улсын хүлэмжийн аж ахуйн талаар ярья. Одоо ямаро хэмжээний талбайд тариалалт хийдэг вэ?

 

-1990-ээд оноос хойш Монголын хүлэмжийн аж ахуйн салбар уналттай байж байгаад 2014 оноос Чингис бондын санхүүжилт болон хувь хүмүүсийн санхүүжилтээр эргэж сэргэсэн. Одоо манайд өвлийн хүлэмжийн аж ахуй түлхүү хөгжиж байна. Монгол Улсад нийтдээ 97 га орчим хүлэмж байдаг. Үүний  70 орчим хувь нь зуны, үлдсэн нь өвлийн хүлэмж байна.

 

-Хил хаагдсантай холбоотойгоор өргөн хэрэглээний хүнс, ялангуяа нарийн ногоо тасраад байна. Бидэнд нарийн ногооны дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бий юу?

 

-Ер нь боломжтой. Бидэнд сүүлийн арваад жилийн турш өвлийн хүлэмжинд ажилласан туршлага байна, технологи нь байна, үр бордоогоо хаанаас авах вэ гэдгийг мэдэж байгаа учраас бололцоотой гэж үзэж байгаа. Гэхдээ ганц нэг асуудал байна.

 

Ямар асуудал тулгарч байна?

 

-Хамгийн чухал нь төсөв санхүүгийн асуудал. Өвлийн улиралд халаалт, дулааны өртөг өндөр гардаг учраас  хүйтрээд ирэхээр ихэнх хүлэмжийн үйл ажиллагаа зогсдог. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг аж ахуй нэгж байдаг ч ургац нь бага байдаг. Тэгэхээр санхүүгийн асуудлыг нэн түрүүнд шийдэж байж  хүлэмжийн аж ахуй эрхлэгчид   ургацаа ахиухан авч дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болох юм. Бидний ойрын зорилго энэ л болоод байна. Дараагийн асуудал нь хүлэмжийн зардал. Орчин үеийн дэвшилтэт Голланд загварын хүлэмж гэхэд хөрөнгө оруулалт өндөр. Жишээлбэл, нэг метр квадрат голланд загварын хүлэмж 250-300 долларын хөрөнгө оруулалттай байдаг учраас хэр баргийн аж ахуй эрхлэгчид ийм хөрөнгө байхгүй. Иймээс хүлэмжийг олноор барьж өгөх  хэцүү. Эдгээр асуудлыг  шийдэхэд санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай байна.

 

-Та дотоодын хэрэгцээг хангах боломжтойг хэллээ. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ямар хэмжээний ургац авдаг, энэ нь хэрэглээний хэдэн хувь болохыг тодруулаач?

 

-Монголын нийт хүлэмжүүд ойролцоогоор жилдээ 5000 тонн ургац хурааж,  дотоодын хэрэгцээний 25 орчим хувийг хангаж байна. Үлдсэн 75 хувь нь импортоор орж ирдэг. Энэ үзүүлэлтийг 100 хувь болгож, импортыг зогсоох боломжтой. Үүнийг бид ойрын зорилт болгон ажиллаж байна. Импортоор удаан ургадаг, нарийн үйлдвэрлэл шаарддаг ногоонууд оруулж ирдэг. Тухайлбал  цоо байцаа, амтат чинжүү гэх мэт. Амтат чинжүү л гэхэд 98 хувь нь импортоос хамааралтай байна.

 

-Гэхдээ энэ жилүүдэд импортын бүтээгдэхүүний хэмжээ буурсан байх?

 

- Өмнөх онд импортоор оруулж ирдэг нарийн ногооны хэмжээ өндөр байсан. Энэ онд бол ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад буурсан байгаа.

 

-Одоо ямар компаниуд зах зээлд ногоо нийлүүлж байгаа вэ?

 

-Томоохон зах, худалдааны төвүүдэд цөөхөн компани ургацаа нийлүүлж байна. Жишээ нь: Дэвшил трейд ХХК, Төгс ургац ХХК, Элбэг ургац ХХК, Энх шим ХХК, Тэнгэр агро зэрэг компани. Одоо өвлийн хүлэмж л ажиллаж байгаа. Хүйтний эрч чангараад эхлэхээр зуны хүлэмжийн ургацын нийлүүлэлт буурчихдаг. Энэ үед дотоодын хэрэгцээг импортын ногоо нөхөж байдаг. Гэтэл гэнэт хил хаагдсан нь хүндээр тусч, бид цаашид нийлүүлэлт хийж чадахгүйд хүрээд байна.

 

-Манай хүлэмж эрхлэгчид ямар төрлийн ногоог түлхүү тарьдаг вэ?

 

-Бидний түгээмэл хэрэглэдэг огурцы, улаан лооль, саладны навч, бууцай зэрэг олон нарийн ногоог манай аж ахуй нэгж, иргэд тарьдаг.

 

-Нарийн ногоог ямар хугацаанд ургуулж, хураадаг вэ?

 

-Ургамал ургуулах таатай орчинг нь бүрдүүлэд өгчихвөл их хурдан ургадаг. Жишээлбэл, саладны навч, бууцайг 40-45 хоногт л тариад борлуулдаг. Урт хугацаанд ургадаг ногоо бас байна. Улаан лооль, амтат чинжүүг доод тал нь гурван сар тарьж байж ургацаа авдаг. Дулааны улирал богинотой манайх шиг улсад чинжүүг тарилаа гэхэд жилд нэг л ургац авна. Тэгэхээр чинжүүнээс илүү бусад нарийн ногоог бид түлхүү тарьдаг.

 

-Тэгэхээр ургацыг ойр ойрхон хурааж болох нь ээ?

 

-Нэг тариалсан байхад  долоо хоногтоо нэг ургац авна. Аажимдаа ургацаа сайн өгөөд эхэлвэл долоо хоногт гурван удаа, өдөр болгон ургацаа өгөх ч тохиолдол бий.

 

Ярилцсанд баярлалаа.

О.Төгөлдөрмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash zoo jail hiij baigaa ym bn, amjilt hysie
2021-10-29
зочин:
амжилть хүсье Монголчуудаа эрүүл аюулгүй эко ногоогоор хангаарай. Хятадаас царай алдмааргүй байна .Бид чаднаа.
2021-10-29