Хашаандаа тансаг амьдралыг бий болгосон "Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүл"

Сүүлийн үед хүмүүс орон сууцанд амьдрах, төвд суурьших сонирхол их болсон. Харин энэ өрх эсрэгээрээ гэр хороололд мөрөөдлийн цэцэрлэгээ бий болгож, хашаандаа сайхан амьдарч болдгийн үлгэр жишээ харуулж байна. Энэ бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн У.Мижиддоржийнх.
Нийслэлийн ойн өдөр энэ гэр бүл “Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүл”-ээр шалгарсан юм. Гэрийн эзэн биднийг “Зуны улиралд хашаандаа алхаж байхад яг л ой модон дотор явж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Моднууд маань ид ногоорч, дэлгэрсэн үеэр ирвэл бүр л сайхан байх байлаа” гэсээр угтлаа.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө ханилж, амьдралаа эхлүүлсэн У.Мижиддорж, Л.Шинэчимэг хоёр өдгөө таван хүүхдийн аав ээж. Тэд орон сууцнаас дутахааргүй тохилог хоёр давхар сууцандаа сайхан амьдарч байна. Хашаандаа 300 гаруй мод тарьж, орчноо бүрэн камержуулж, сагсны шийд, сүүдрэвч, тоглоомын талбай, явган зам, эко 00 гээд тохижуулаагүй хэсэггүй.
Орон сууцанд амьдрахаас илүү хашаандаа өөрийн дураар сайхан амьдрахыг хүсдэг У.Мижиддорж одоо БЗД-ийн 21 дүгээр сургуульд цахилгаанчин хийдэг. Өөрийн санаачилгаараа сургуулийнхаа ногоон байгууламжтай болох ажилд гар бие оролцож, үр аваачин цэцгийн мандал тарьж, ургуулан хүүхдүүдийн суралцах орчинг үзэмжтэй болгожээ. Түүнтэй ярилцлаа.
Танайх энд амьдраад хэдэн жил болж байна?
-
Арваад жил болж байна. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд амьдарч байсан. Энэ хашаа байшингаа 2008 онд худалдаж аваад 2012 оноос хойш нийслэлдээ суурин байж эхэлсэн. Анх энгийн л нэг хашаа байшин авч байлаа. Бага багаар тохижуулсаар өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа.
Хашаагаа ингэж тохижуулъя гэдэг санааг анх яаж гаргасан бэ?
-
Хотод ирсэн юм чинь сайхан байя л даа. Хөдөөний сайхан агаар, байгальд байсан болохоор түүн шигээ орчинг яагаад энд бүрдүүлж болохгүй гэж л бодсон. Ер нь тохьтой тухтай байя, хашаандаа сайхан амьдаръя гээд л мод зүлэг суулгах, хүнсний ногоо тарихаар шийдсэн. Тэгээд хашааныхаа сул шороо, чулууг шигшиж хөрс, бууц зэргийг хольж бордсон. Илүү гарсан чулуу шороог гаргаж мод бут суулгаж эхэлсэн. Манай хашаанд сул шороо байхгүй болсон. Сүүлдээ энэ ажилдаа хоббитой болоод илүү өргөжүүлж нарийн ногоо, хүнсний ногоог тариалдаг болсон.
Одоогоор хашаандаа хэдэн төрлийн мод, ургамал тарьж байгаа вэ?
-
Одоогоор 300 гаруй тооны модтой болсон. Үүнээс 30 гаруй төрлийн мод, 10 гаруй жимсний мод бут бий. Мөн хоёр хүлэмжтэй. Нэг хүлэмжиндээ өргөст хэмх тарьж байна. Нөгөөд нь төмс, лууван, сонгино, манжин, брокколи, бууцай, саладны навч, улаан лооль гэх мэт 20 орчим төрлийн нарийн ногоо тарьдаг.
Ямар төрлийн жимс тарьж байна?
-
Мойл, монос, үрэл, үхрийн нүд, чацаргана гэх мэт олон төрлийн л жимс ногоог ургуулж байна даа.
Хамгийн их арчилгаа шаарддаг нь ямар жимс байдаг вэ?
-
Бүгдээрээ л их арчилгаа шаарддаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод ургамал тарина гэдэг чинь нарийн дэс дараатай, нарийн тордлог арчилгаа шаарддаг юм байна. Олон жил болоод ирэхээр нь бутлалтыг нь өөрчлөх, тайралт таналт хийхээс эхлээд их ажиллагаатай.
Танай дүүрэг, хорооны удирдлагууд хэрхэн хүлээж авсан бэ? Дэмжлэг туслалцаа үзүүлж байна уу?
-
Их сайхан хүлээж авсан. Би энэ хороо, дүүргийнхэндээ зөвлөх багш шиг л ажилладаг. Манай хорооноос ноднин жилд нэлээн хэдэн мод үрсэлгээнүүд хорооны айл өрхүүдэд өгсөн. Үрсэлгээнүүдийг нь айл өрхүүдэд очиж суулгаж өгөх, зөвлөгөө өгөх ажлыг хариуцаж хийсэн. Өөрийнхөө зүгээс ч нэлээд модны үрсэлгээг хүмүүст зүгээр өгсөн. Энэ мэтчилэн дүүрэг, хорооноос зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцож ирсэн. Манай хорооны зүгээс намайг урмаар сайхан дэмждэг.
Мод ургамал тарьж хашаагаа ногоон байгууламжаар сайхан тохижуулж байгаа танайх шиг айл өрх энд бий юу?
-
Уг нь хашаандаа ургамал ногоо тарьдаг айл өрх харагддаг. Гэхдээ зөвхөн түүнийгээ зарж борлуулах, мөнгө олох зориулалтаар тарьдаг. Бусад талаараа тийм их ач холбогдол өгдөггүй, хашаагаа тохижуулаагүй, гоё үзэмжтэй байлгая гэдэг тал дээр анхаардаггүй юм шиг харагддаг. Ногоо тарьчихмаар сэлүүхэн том талбай байгаад байдаг үүнийгээ ашиглаж чадахгүй байна. Энэ тал дээр хүмүүст уриалмаар санагддаг даа.
Энэ жил хашаандаа хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа хуваалцаач?
-
Хавраас хүнсний ногоогоо багасгаад модны үрсэлгээ их хийе гэж бодож байна. Яваандаа нэг хүлэмжиндээ дан агч модны үрслэг юмуу шилмүүст модны үрслэг хийх зорилготой байгаа. Хүлэмжинд ургасан үрслэг их сайхан торниун том болдог.
Энэ гэр бүл цаашид ч амьдрах орчноо улам тохижуулж, орон сууцнаас дутахааргүй тансаг болгоно гэсэн зорилготой хөдөлмөрлөж байна.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ