Д.Ганбат: Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд эрт байна

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн байна. Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн төслийн талаар аудитын байгууллагын дүгнэлт, 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн саналыг сонссон байна.
Ингэхдээ тус бүлгийн гишүүд Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор хангах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал дүгнэлтийг бодитой болсон учраас холбогдох байгууллагууд анхаарч ажиллах ёстой гэдэгт санал нэгджээ. Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2022 оны төсөв энэ сарын 15-наас өмнө батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. 2022 оны төсөв 18 их наяд төгрөгийн зарлагатай, 15 их наяд төгрөгийн орлоготой байна. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал маш их байгаа. Үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн. Үүнээс гадна 440 гаруй арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүнээс 60 гаруй нь тодорхой биш, зураг төсөлгүй байна. Үүнд санал дүгнэлтээ гаргаж байгаа” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр ирэх оны төсөвт шүүмжлэх зүйл олон байгаа. Улс орны асуудлыг шийдэх хэмжээний сайн хөрөнгө оруулалт харагдахгүй байгааг нэмж хэллээ.
Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж буй талаарх сэтгүүчийн асуултад бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд эрт байна. Оюутолгойн асуудалд Засгийн газарт гэрээ хэлэлцээ хийх боломжоор нь хангах ёстой. Гэрээг өөрчлөх боломж гарч байгаа нь маш сайн байна.
Ер нь бол Засгийн газар маш муу ажиллаж байгаа. Сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн чадваргүй сайд нараар бүрдсэн Засгийн газар ажиллаж байна” хэмээн хариуллаа
Харин АН-ын бүлгийн дотоод асуудлын талаар өнөөдөр хэлэлцээгүй гэнэ. Бүлгийн үйл ажиллагаа хэвийн, даргаар Д.Ганбат ажиллаж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ