Уран бүтээлчдийн их сорил буюу “Гэм зэм”

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулжээ. Энэхүү “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр болоод буй. Тодруулбал, Ууг уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох гэнэ.
“Гэм зэм” жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулагч найруулсан бол романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлжээ. Жүжгийн гол дүрд “Гайз” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва бусад дүрүүдэд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Г.Урнаа, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн, Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Баярсанаа, У.Эрдэнэбаяр, Б.Цогтбаяр, Ж.Тэмүүлэн нар тогложээ.
Уран бүтээлчдийн их сорил болсон уг бүтээл энэ сарын 25-наас ирэх сарын 10 хүртэл “Русский дом”-ын тайзнаас үзэгчдийн хүртээл болох аж.
Монгол уран бүтээлчидтэй ажиллахад сонирхолтой байна
“Гэм зэм” жүжгийн хоёрдугаар найруулагч Никита:
- Өмнө нь Монгол жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаагүй. Анх удаагаа хамтарч ажиллаж байна.Үндэстэн үндэстний харектар гэж бий. Монгол уран бүтээлчидтэй ажиллахад сонирхолтой ч гэсэн тодорхой хэмжээнд улс үндэсний ялгаа нь харагдаж байгаа. Энэ нь их сонирхолтой байна. Мөн “Гэм зэм” жүжигт олон найруулагч хамтарч ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Учир нь олон хүний санаа бодол нэгдэж нэг цогц бүтээл гаргаж байгаа юм. Нэг нь бүхий л зүйлсийг шийдвэрлэх нь хэцүү байдаг. Харин олуулаа нэгдэж ажиллавал илүү хялбар байдаг.
10 гаруй жилийн дараа дахин тайзан дээр гарч байна
Жүжигчин Д.Түвшинбаяр:
-Анх “Гэм зэм” жүжигт тоглох санал ирэхэд маш их гайхсан. Тоглоод байгаа юм болов уу гэж бодсон. Найруулагчтайгаа уулзахад “Та л энэ дүрд тоглоно” гэсэн. Ингээд л айж эхэлсэн./инээв/ “Надад итгэж байхад итгэлийг нь хөсөрдүүлчихгүй юмсан” гэж бодсон. 10 гаруй жилийн дараа дахин тайзан дээр гарч байна. Ингэхдээ шинэ театрын постдрамын жүжигт тоглож байгаадаа маш их баяртай байгаа. Постдрама жүжиг нь үндсэн хэлбэрээсээ илүүтэйгээр цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, ойлгоход амархан хэлбэрээр тавьж байгаад баярлаж байна. Энэ жүжигт маш мундаг жүжигчид, хамт олонтой хамтарч ажиллаж байгаа учир сайн байгаа. Найруулагчид маань тус тусдаа үүрэгтэй. Жүжиг тавигдах хугацаа дөхөх тусам айдастай байна. Үзэгчиддээ хандаж хэлэхэд “энэ жүжгийг үзсэндээ хэзээ ч харамсахгүй. Хэзээ ч уйдахгүй” гэж хэлмээр байна.
Айдсаас илүү урам зориг эрч хүч нь мэдрэгдэж байна
МУГЖ Д.Ганцэцэг:
-“Гэм зэм” роман олон улсын театрын тайзан дээр жүжиг болж амилсан. Олон уран бүтээлчид тоглосон. Тэр дундаа монголын романаас жүжиг рүү шилжсэн хэлбэр нь ямар онцлоготой юм бэ гэдгийг зохиолчийн тархи оюунд бууснаар үзэглэж гаргасан. Зохиолч найруулагч хоёрын хамтын уран сэтгэмжээр “Гэм зэм” романаас өөр сонирхолтой нэгэн зүйлийг жүжгийн зохиолд шигтгэсэн. Би тайзны уран бүтээлүүддээ хайртай. Театр бол тансаг урлаг. Маш их сандарч бас догдолж байгаа. Гэхдээ надад айдсаас илүү урам зориг эрч хүч нь мэдрэгдэж байгаа.
Сонгодог жүжигт тоглох нь миний мөрөөдөл байсан
Жүжигчин Х.Баярмаа:
-“Гэм зэм” романы гол дүрийн залуугийн төрсөн эмэгтэй дүүгийн дүрд тоглож байгаа. Тухайн бүсгүй маань шийдэмгий, зоригтой. Маш их ажиллах шаардлагатай дүр. Анх удаа сонгодог жүжигт тоглож байна. Театрын жүжиг нь жүжигчдийн олон ур чадвар, цаг хугацаа шаарддаг. Найруулагч маань монгол жүжигчдийн суралцсан уламжлалт арга барилаас өөр арга барилаар жүжигчидтэйгээ ажиллаж байна. Олон зүйл суралцаж байгаа.
Анх надад жүжигт тоглох санал ирэхэд маш сайхнаар хүлээж авсан. Надад санал тавина гэж огт бодоогүй. Би театр урлагийн мэргэжлээр төгссөн. Гэхдээ сонгодог жүжгийн гол дүрд тоглож байгаагүй. Сонгодог жүжигт тоглох нь миний мөрөөдөл байсан. Тиймээс энэ жүжигт тоглож байгаадаа маш их баяртай байгаа.
Дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?
-Коронавирус цар тахлын энэ үед зүгээр суусангүй. “Хиртээгүй сарнай”, “Хэнд ч хэлээгүй нууц” гэсэн хоёр уран бүтээлд тоглолоо. Удахгүй бүх кино театруудаар гарна. Энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. 2022 онд олон ажил төлөвлөж байна.
Ер нь мэргэжлийн жүжигчний хувьд кино, драмын жүжиг хоёрт тоглох ялгаатай байдаг биз?
-Маш их ялгаатай. Жүжиг уран бүтээлчдээс маш их ур чадвар шаарддаг. Тэр дундаа драмын жүжиг, сонгодог жүжиг гэдэг бол хүнд төрөл. Кино бол дэлгэцийн урлаг. Театр гэдэг нь тайзны урлаг. Дэлгэцийн уран бүтээл бол монтажийн урлаг. Эвлүүлэгээс маш их зүйл шалтгаалж байдаг. Миний хувьд маш олон зүйл сурч байна.
Олон найруулагчтай ажиллах шинэлэг байна
Жүжигчин Д.Лхагва:
-Миний тоглож буй дүр нь маш их ухаантай, болж бүтэхгүй байгаа зүйлд маш их бухимддаг, ертөнцийг өөрчлөх зорилготой дүр. Анх энэ саналыг хүлээж авахдаа маш их айсан. Учир нь тайзан дээр гаралгүй удсан байна. Бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж байгаа учир айдас багасаж байгаа. Удаан хугацааны дараа тайзан дээр гарах сайхан байна. Олон найруулагчтай ажиллах шинэлэг байна.
“Guys” хамтлаг шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?
-Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй байна. Коронавирус гээд амралтын байдалтай байлаа. Энэ хугацаанд хувь хувийн ажлаа амжууллаа.
Постдрамын жүжигт анх удаа тоглох гэж байна
Жүжигчин Г.Золзаяа:
-“Гэм зэм” жүжгийн гол дүрийн хайртай бүсгүйн дүрд тоглож байгаа. Өөрөөр хэлбэл, бага наснаасаа амьдралын хэцүү саад бэрхшээлийг даван туулж байгаа охины дүр. Анх надад дүрийн санал тавихад баярлаж бас айж байсан. Учир нь ямар нэгэн уран бүтээлд тоглохдоо догдлох, айх, баярлах зэрэг мэдрэмжүүд зэрэг байдаг. Постдрамын жүжигт анх удаа тоглох гэж байна. Найруулагчийн сонин содон тавилт, шийдэл харагдаж байгаа учир их сонирхолтой. Орос жүжигт, Орос найруулагчтай анх удаагаа ажиллаж байна.
Дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Хавтаст хэрэг” олон ангит кинонд тоглож байгаа. 2022 оны нэгдүгээр сард Боловсрол телевизээр цацагдаж эхэлнэ. Би анх удаагаа эсрэг дүрд тоглож байна. Жүжигчин хүний хувьд эсрэг дүрд тоглоно гэдэг нь бахархалтай зүйл гэж боддог. Эсрэг дүрд тоглоод үзэгчдэд үзэн ядагдаж чадаж байвал бидний хийсэн ажлын үр дүн сайн байна гэж боддог
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ