Шотланд руу 400 нислэг чиглэж, 13 мянган тонн нүүрстөрөгчийн хаягдал агаарт цацжээ

img

Энэ өдрүүдэд Шотландын Глазго хотод дэлхийн 196 орны төлөөлөгчид уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Шотландыг зорихын тулд онгоц ашиглах нь мэдээж хэрэг, харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж буй энэ арга хэмжээний үеэр орчныг бохирдуулах онгоц ихээр ашигласан нь гол уриалгатайгаа зөрчилдөж байна гэж экологийн идэвхтнүүд шүүмжилжээ. 

 

Учир нь онгоц нисэхдээ агаарт асар их нүүрстөрөгчийн давхар ислийг цацдаг бөгөөд ердөө ням гарагт гэхэд л Глазгогийн нисэх буудал дээр 50 гаруй онгоц тусгай зочдыг арга хэмжээнд хүргэхээр газарджээ. Нийтдээ Шотландад 400 орчим нислэг газардсан байна. Эдгээр нислэгээс хамгийн багадаа 13 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарна гэж ВВС агентлаг онцолжээ.

 

Жефф Безосын хувийн, турбо тийрэлтэт онгоц, 65 сая орчим долларын үнэтэй. 

 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилдаг гэдгээ харуулахын тулд сурталчилгаагаа идэвхтэй явуулдаг Bank of America удпирдлагуудаа Глазгод хүргэхийн тулд нэгэн зэрэг хоёр ч хувийн онгоц захиалжээ.

 

Дэлхийн дулаарлаас хамгаалахын тулд онгоцоор нисэхээс аль болох татгалзах хэрэгтэй гэж зарим экологийн идэвхтнүүд үздэг бол өнгөө хэсэг нь хувийн онгоцоор ирэхийн оронд арилжааны нислэгүүдээр ирвэл байгаль дэлхийд илүү үр өгөөжтэй байх байсан хэмээн дэлхийн удирдагчид, бизнесменүүдийг шүүмжилж байгаа юм. 

 

Boeing 787 Dreamliner онгоц Бангладеш улсаас төлөөлөгчдийг Глазгод хүргэхийн тулд 8000 км замыг туулжээ. 

Японы Засгийн газрын "Боинг"

 

Даваа гарагт Эстони, Болгар, Бахрейн, Иордани, Гана, Хорват улсын төлөөлөгчид агаар мандлын бохирдолд хувь нэмрээ оруулцгаав. Түүнчлэн Герман, Япон, Энэтхэг, Израилийн удирдлагууд ч мөн л онгоцоор Глазгод хүрсэн юм.

 

Эдгээр улс орны төлөөлөгчид дундаас хамгийн ихээр шүүмжлэл хүртсэн хүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байлаа. Тэрбээр Европоор айлчилж, уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой хор уршгийн талаар ярьж явах үед нь түүний хөлөглөсөн онгоц, нисдэг тэрэг, автомашины цуваа ойролцоогоор 10 мянган тонн нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд цацсан гэж экологийн идэвхтнүүд шүүмжилжээ. 

 

Жо Байден Ерөнхийлөгчийн онгоцоор Глазгод иржээ. 

 

Америкийн Ерөнхийлөгч Air Force One гэдгээрээ алдартай Боинг-747 онгоцоор зорчдог. Ерөнхийлөгч зорчих үеэр анхаарал сарниулах өөр нэг, адилхан онгоц нисдэг бөгөөд тиймээс чухамхүү аль онгоцонд Ерөнхийлөгч зорчиж явааг хэн ч мэддэггүй гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ хоёр ижил онгоц нисэхээс гадна автомашины цуваа, нисдэг тэргийг тээвэрлэдэг Globemaster гэсэн хоёр ачааны онгоц дагалдан хөөрдөг юм байна.

 

Boeing C-17 Globemaster ачааны онгоцонд Ерөнхийлөгчийн нисдэг тэргийг тээвэрлэнэ. 

 

Энэхүү хоёр аварга том ачааны онгоц нь нэг миль газрыг туулахдаа 25 кило нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Харьцуулвал, арилжааны нислэгээр нисэж буй энгийн нэг зорчигчид нэг мильд ноогдох нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 200 грамм байдаг аж.

 

Глазго дахь дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө л экологийн идэвхтнүүд цар тахлын үеэр дэлхий ертөнц видео харилцаагаар харилцаж сурсан, тиймээс энэ удаагийн бага хурлыг Zoom-ээр хийж болох байсан хэмээн шүүмжилж байлаа. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс дэлхийн удирдагчид биечлэн оролцох нь илүү үр дүнтэй хэмээн мэдэгджээ.

 

"Zoom ашиглаж байсан хүмүүс энэхүү апликейшнийг нэн тустай гэдгийг мэдэж байгаа байх. Гэхдээ хүнд, нарийн хэлэлцээр хийх, ярилцагчид нүүр тулан уулзах шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай үед талууд биечлэн оролцох нь нэн чухал" хэмээн Лиз Трасс мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ