Нутгийн баруун хэсгээр хүйтэн, зүүн аймгуудад дулаан өвөл болно

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б. Жаргалангаас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлвийн талаар тодрууллаа.
Энэ 11 дүгээр сарын цаг агаарын нөхцөл байдал ямар байх бол?
-
Энэ жилийн 11 дүгээр сарын хувьд агаарын температур ихэнх нутгаар дулаан байх бөгөөд хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байна. Мөн агаарын температур нутгийн зүүн хэсэг болох Дорнод, Сүхбаатарын нутгаар, хур тунадас Баян-Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байна.
Хэзээнээс хүйтэрч эхлэх вэ?
-
Энэ амралтын өдрүүдээс эхлээд хүйтний эрч эрс чангарахаар байна.
Энэ өвлийн цаг агаарын ерөнхий төлөв ямар байх талаар мэдээлэл өгөөч.
-
Өвлийн саруудад олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар харьцангуй дулаан, ялангуяа нутгийн зүүн хагастаа дулаан байна. Харин 01 дүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Алтайн салбар уулсаар ахиу орно. Бусад нутгаар агаарын температур, хур тунадас дундаж байх урьдчилсан төлөв гарсан.
-Аль нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна вэ?
-
Ерөнхийдөө нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар өвлийн саруудад олон жилийн дунджийн орчим байхаар байна. Ялангуяа 01 дүгээр сард дээрх бүс нутгуудаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа учраас өвөлжилт хүндэрч болзошгүй юм.
-Тэгвэл харьцангуй дулаан байх бүс нутгууд гэвэл?
-
Зүүн аймгуудын нутгаар өвлийн саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөвтэй байна.
-Улаанбаатар хотод цаг агаар ямар байх вэ?
- Үүнийг урт хугацаагаар тооцоолох боломжгүй байна.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ