Сурвалжлага: Барилгын салбар ч бараа материалгүй болжээ


Коронавирус халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хааж, хөл хорио тогтоосон. Тодруулбал, аравдугаар сарын 14-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хил хаалттай байгаа. Урд хөрш хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар томоохон зах худалдааны төвүүдийн лангуу хоосорч мах гурилтайгаа үлдсэн. Мөн үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмж чирэгдэл учруулж байгаа. Тэгвэл энэ өдрүүдэд барилгын материалын үнэ нэмэгдсэн, нөөцтэй эсэх талаар сурвалжлахаар 100 айл барилгын материалын захыг зорилоо.
Өдрийн 13.00 цаг. Хүний хөл хөдөлгөөн их байх ч барилгын материалын дэлгүүрт бараа хомс байлаа. “Үлдэгдэл бараа, сүүлийн бараа шүү” гэж худалдагч сануулах бөгөөд хил хаалттай учир жижиглэнгийн үнээр худалдаалж буйгаа учирлах аж. Иргэд лангуунуудаар эргэж тойрч, таван цаас татуугаас нь авч одно.

Тээврийн зардал өссөн
Барилгын материалын худалдаачин:
-Манайх барилгын дотор заслын материал худалдаалдаг. Есдүгээр сард оруулж ирсэн бараануудаа зараад дуусаж байна. Эрээний хил хаагдсанаас хойш татан авалт зогссон. Бараа бүтээгдэхүүний үнээ 300-500 төгрөгөөр нэмж худалдаалж байна. Коронавирус цар тахлын энэ үед тээврийн зардал өссөн. Жишээлбэл, нэг машины тээврийн зардал 120 мянган юань болсон. Гэхдээ энэ нь зөвхөн Эрээнээс Замын-Үүд хүртэлх тээврийн зардал юм. Мөн гаалийн татвар, вагоны зардал, ачилт, буулгалтын хөлс, НӨАТ, агуулахын түрээсийн зардал зэрэг бүхий л зардлууд нэмэгдэнэ.

Үлдсэн бараануудаа зарж дуусгаад л үйл ажиллагаагаа зогсооно
Барилгын материалын бөөний худалдаачин:
-Эрээний хил хаагдахаас өмнө нь татаж авсан бараануудаа зарж байгаа. Бараагүй болж байна. Барилгын материалуудын үнэ дунджаар 5000-10000 төгрөгөөр өссөн. Үлдсэн бараануудаа зарж дуусгаад л үйл ажиллагаагаа зогсооно.

Барилгын материалын дундаж үнэ:
Тавилганы хавтан: 75000 төгрөг
Хөвөн 40.000-170.000 төгрөг
Гадна өнгөлгөө 40.000 төгрөг
Цагаан замаск: 10.000 төгрөг
Хар замаск: 8.000 төгрөг
Будагны багс 500-1500
Будаг 1 кг: 4000-5000
Будаг бөөний үнэ 3700 төгрөг
Эмульс 23.000-33.000 төгрөг
Паркет:20.000-40.000 төгрөг
Дотор хаалга: 220.000 төгрөгөөс дээш
Худалдан авалт муу байна
Барилгын материалын худалдаачин:
-Манай дэлгүүр одоогоор барааны нөөцтэй байгаа. Бүх обойг БНХАУ-аас оруулж ирдэг. 1 метр 6 см өргөнтэй 15.6 метр урттай хэмжээтэй обой 45.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.Үнэ нэмэхгүйгээр худалдаалж байгаа. Гэвч худалдан авалт муу байна.
Барилгын материалын үнэ тогтворгүй байгаа
Барилгын материалын жижиглэнгийн худалдаачин:
-Барилгын материалын үнэ тогтворгүй байгаа. Ерөнхийдөө бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ 10.000-50.000 төгрөгөөр нэмэгдсэн. Жишээлбэл,
Тосгуур 90.000-300.000 төгрөг
Холигч 35.000-200.000 төгрөг
Дүүш 60.000-300.000 төгрөг

Барааны үнэ нь 40-50 хувиар нэмэгдсэн байна
Барилгын материалын жижиглэнгийн худалдаачин:
-Материалын үнэ маш их нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө үнэ нь 40-50 хувиар нэмэгдсэн байна. Бөөний худалдаачдаас барилгын хөөсийг 6500 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо 9.000 төгрөгөөр авч байна. Ингээд цааш нь 9500-10.000 төгрөгөөр худалдаалж байгаа. Эмульс бөөний үнэ нь 18.000-28.000 төгрөг болсон ба жижиглэнгийн нь үнэ нь 30.000 төгрөг болсон. Цилконы бөөний үнэ 3800-8500 төгрөг. Сүүлийн долоо хоногт худалдан авалт буурч байна. Цилкон, Эмульс олдоц муутай тасарч байна. Жижиглэнгийн лангууны худалдагчид бараагаа бөөний төвөөс худалдан аваад 500-1000 төгрөг нэмж зарж байгаа.

Материалынхаа үнийг нэмэхгүй борлуулж байгаа
Барилгын материалын худалдаачин:
-Манайх материалынхаа үнийг нэмэгдүүлэлгүй борлуулж байгаа. Бусад газрууд үнэ өсгөж байгаа эсэхээ мэдэхгүй байна.
Хаалга 180.000-280.000 төгрөг
Паркет : 18000-32000 төгрөг
Пилта: 2800-аас дээш
Дүүжин тааз метр квадрат -22.000-24.000 төгрөгөөр тус тус худалдааж байна. Бараа дуусаж байгаа. Тиймээс үлдэгдэл бараагаа үндсэн үнээр нь борлуулахыг зорьж байгаа.






Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ