Гашуунсухайт, Ханги боомтоор гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортолно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч байгаа тээврийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсэж байна. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн гарц боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг шийдвэрлэхээр боллоо.
Мөн Засгийн газраас төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарах, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын 30 доошгүй цэгт ил задгай болон агуулахын худалдааг бий болгохоор шийдвэрлэлээ. Энэ долоо хоногт багтаан цэгийг бий болгоно.
Энэ жилийн өвөлжилт хүндрэх төлөв харагдаж байгаа. Малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан.
Энэ жилийн ургацын байдлаас хамаарч Улаанбуудайн илүүдэл гарч байна. Тиймээс гурил үйлдвэрлэгч болон малын тэжээл үйлдвэрлэгч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгохоор тодорхой шийдэл гаргалаа. Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 сая тэрбум төгрөгнөөс ашиглагдаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр олгохоор боллоо " гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ