ХҮН: Т.Аюурсайхан та хөгширсөн, коммунист үзэлтэй хүн байна

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн жолоочийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооо хэлэлцэж, гишүүд дэмжсэн. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хууль санаачлагч Т.Аюурсайханыг хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ хэмээн асууж, даатгалын мөн чанарыг ойлгохгүй байна гэж доош нь хийсэн. Хариуд нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан гишүүн Т.Доржхандад хуулийн хичээл зааж, “Доржханд гишүүн та “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонихрлын зөрчилтэй. Та УИХ-д хувийн бизнесийг дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү” хэмээн хатуухан сануулга өгсөн юм.
Уг энэ асуудлаар өнөөдөр ХҮН-аас мэдээлэл хийж, даргынхаа байр суурийг хамгааллаа. ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа “Хууль санаачлагчид нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаална гэж байгаа ч гурван сая хүний эрхийг зөрчсөн, хэдхэн намчдад мөнгийг нь шилжүүлж, хохироох гэж байна. Энэ зөвхөн даатгалын салбар, жолоочийн асуудал. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн ажлыг булааж, дээрэлхээд байх уу гэдэг асуудал” гэв.
Мөн ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга “Т.Аюурсайхан та нас залуу ч үзэл бодлын хувьд хөгширчихөж. Хүн төрөлхтөний түүхээс арчигдаад байгаа коммунист үзэлтэй хүн байна" хэмээн тодорхойллоо. Тэрбээр "ашигтай ажилласан компанийг шалгах гэж байна, бид хаашаа яваад байна вэ" хэмээн асууж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ