Б.Энхбаяр: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг юм шүү, иргэд ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр койны талаар иргэдэд анхааруулга хүргэлээ.
Тэрбээр “Хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилгоор 2002 онд Хоршооны тухай хуулийг баталж байсан. 2006 онлд ХЗХ-д гарч, 30-аад мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед төр нэг удаагийн хууль гаргаж, хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Учир нь Хоршооны тухай хуулийг гаргахдаа пирамид тогтолцооны луйвар хийх үүд хаалгыг хаагаагүй гэм буруугаа хуваалцсан байдаг. Тиймээс 30-аад мянган иргэний 60 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөн.
15 жилийн дараа одоо койн яригдаж эхэллээ. Монголбанк болон СЗХ-ны мэдээллээр ХЗХ-дын оролцогчдоос 10 дахин олон хүн, 10 дахин их хөрөнгө койнд эргэлдэж байна. Дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна.
Монголбанк болон СЗХ-ноос иргэдэд удаа дараа анхааруулж байгаа. Энэ асуудал хуулийн зохицуулалтгүй байгаа. Тиймээс би ард иргэддээ УИХ-ын чуулганы танхимаас анхааруулмаар байна. Хууль эрхзүйн орчин байхгүй шүү, эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү. Төр үүрэхгүй, учир нь УИХ хууль гаргаагүй. Төр зөвшөөрөл олгоогүй, бүртгээгүй. Иргэн та, араа өөрөө л даана. Үнэгүй бяслаг дандаа хавханд байдаг юм шүү” хэмээн анхааруулж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ