М.Оюунчимэг: Төсвийн нэмэгдэл эмч, иргэнд хүрэхгүй байна

УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн салбарт санхүүжилтээр дамжин хийж буй шинэчлэлт , хууль дүрмүүд бодит амьдрал дээр хэрэгжилт нь ямар байгаа, ингэхдээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаа талаар шалгах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг долдугаар сарын 09-нөөс аравдугаар сарын 05-ны хооронд ажиллаж дүгнэлтээ гаргасан. Миний бие ажлын хэсэгт орсон.
Ажлын хэсгийн гол дүгнэлтийн шийдэл нь бидний эрүүл мэндийн салбараа шинэчлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх хуулийн хэрэгжилтүүд бодит амьдрал дээр хангалтгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Хангалтгүй байгаа гол шалтгаан нь мөнгө биш. 2016 оноос хойш эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин бүрдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын эзлэх хувь хэмжээг 4.3 болгож өсгөөд , тухайн жилийн төсөв хэлэлцэх болгонд Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж байсан. Гэтэл бодит амьдрал дээр бүх шатны эмнэлгүүд дээр очиход нэмэгдлүүд эмнэлэгт, эрүүл мэндийн ажилтнууддаа, иргэндээ хүрч чадахгүй байна. Бодит баримт гаргаж тавьсан. Үүний дүнд Засгийн газарт хугацаатай үүрэг чиглэл өгсөн. Үүрэг чиглэлийн эхнийх нь биелэлээ олж байгаа. Жишээлбэл, цар тахлын энэ үед яаралтай эм тариаг татан авахтай холбоотой хөрөнгө мөнгийг ЭМДГ-аас гаргах Засгийн газар нөөц хөрөнгөөсөө санхүүжүүлж татан авах, урьдчилсан захиалга өгөх, эмнэлгийн ажилчдыг урамшуулж, цалин хөлс нэмэх хугацаатай үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн , Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут:
-Гурван чиглэлээр бүх шатны эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж ажиллаа. Мөн Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд, ЭМЯ болон холбогдох бүх агентлагуудад очиж ажиллаж хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг судалж танилцаж, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонссон. Үүний дагуу байнгын хороонд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж хэлэлцүүлсэн. Ингэснээр Нийгмийн бодлогын байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Үр дүнд 2022 оны 01 сарын 01-нээс анхан шатны эмнэлэг буюу бүх сумдын эмнэлэг Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд ноогдох суурь зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ асуудалд Засгийн газар хурдтай арга хэмжээ авч анхан шатны эмнэлгүүдийн суурь зардлыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож 87 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгож ажиллаж байна. Ингэснээр анхан шатны эмнэлгүүд цалингаа тодорхой хувиар нэмэх боломж бүрдэж байгаа.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ