Ковидыг эмчлэх дэлхийн анхны эмийг Британид бүртгэв

Коронавирусийн үр дагавартай тэмцэхэд зориулагдсан дэлхийн анхны бэлдмэлийг Британийн эрх баригчид ашиглахыг зөвшөөрчээ. "Молнупиравир" нэртэй энэ эмийг эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдэд өдөрт хоёр ширхэгээр уулгах гэнэ. Эмнэлзүйн туршилтаар энэ эм коронавирусийн халдвар хүндэрч эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 50 хувиар бууруулдаг нь тогтоогдсон гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Молнупиравир эмийг анх ханиадыг эмчлэх зорилгоор боловсруулж байжээ. Өдгөө энэ эм нь цар тахалтай тэмцэх, эрсдэлтэй бүлгийн болон дархлаа султай хүмүүсийг аврахад ихээхэн тусална гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгдсэн байна.
"Өнөөдөр манай орны хувьд түүхэн өдөр. Их Британид дэлхийд анх удаа, гэртээ ууж болох ковидын эсрэг эмийг зөвшөөрлөө" хэмээн Жавид мэдэгджээ.
Анхны эм
Молнупиравирийг Америкийн Merck эмзүйн корпораци Ridgeback Biotherapeutics компанитай хамтран бүтээжээ. Энэ нь ковидын үр дагаврыг эмчлэхэд зориулагдсан анхны эм бэлдмэл юм.
Молнупиравир нь коронавирусийн генетикийн кодыг эвдэж, ингэснээр вирус цаашлаад хүний биеэр тархахад саад учруулах аж. Эм гарган авсан эрдэмтдийн мэдэгдсэнээр, молнупиравир нь одоо илэрсэн коронавирусийн бүх хувилбарууд болон цаашид үүсэх штаммуудын үед ч үр дүнтэй гэнэ.
Энэ эмийг хууч өвчинтэй, илүүдэл жинтэй, ахмад насны, чихрийн шижин эсвэл зүрх судасны өвчинтэй гээд эрсдлийн бүлэгт байдаг, коронавирусийн халдвар аваад хөнгөн эсвэл дунд зэрэг хүнд өвдсөн хүмүүст ашиглахыг Британийн Эм бэлдмэлийн зохицуулалтын агентлаг зөвшөөрчээ.
"Энэ эм нь судсаар хийх биш харин шууд ууж хэрэглэх боломжтой, коронавирусийн халдвараас үүдсэн өвчлөлийг эмчлэх дэлхийн анхны зөвшөөрөгдсөн эм. Эмийг өвчин хүндрэхээс өмнө, гэртээ ууж болно гэдгээрээ нэн чухал" хэмээн MHRA-ийн захирал Жун Рэйн мэдэгджээ.
Британи улс энэ эмнээс 480 мянган курсийг захиалсан бөгөөд 2021 онд багтаан энэхүү эмийг Их Британи руу нийлүүлэх юм байна.
Эмнэлзүйн судалгаа
Эмийн эмнэлзүйн судалгаанд коронавирусийн халдвар авсан нь оношлогдсон 775 өвчтөн оролцжээ. Халдвар авсныхаа дараа энэ эмийг ууж эхэлсэн өвчтөнүүдийн 7,3 хувь нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.
Молнупиравир эм ууж байсан өвчтөнүүдээс нэг ч хүн нас бараагүй гэнэ. Энэхүү эмнэлзүйн мэдээллийг хэвлэлийн мэдээ болгон тараасан бөгөөд одоогоор шинжээчид үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа аж.
Судалгааны дүнгээс харахад, эмийн үйлчлэлийг сайжруулахын тулд халдварын шинж тэмдэг илэрсэн эхэн үед молнупиравирийг уух шаардлагатай гэнэ. Энэ эмийг бүтээгчид ковидын хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг оролцуулан өөр нэг судалгаа хийхээр эхлүүлсэн ч энэ эм мэдэгдэхүйц үр дүн өгөөгүй тул туршилтыг зогсоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ