БНХАУ: COVID-19 дэгдсэн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн авахгүй

img

Монголоос худалдан авч, Эрээн хот руу нэвтрүүлсэн бараанаас коронавирус илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байлаа.

GT: Эрээн хотод Монголоос авсан бүтээгдэхүүнээс COVID-19 илэрсэн

Тодруулбал, Эрээн хотын таван оршин суугч хотын Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтын ажлын хэсэгт Монголоос ирсэн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа мэдээлсэн байна. Улмаар энэ бүтээгдэхүүний уутыг коронавирусийн шинжилгээнд явуулахад хариу нь эерэг гарсан гэнэ. Тиймээс хилийн чанадаас коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ  үед халдвар их дэгдсэн бүс нутгаас бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Эрээн хотын оршин суугчдад анхааруулж байв. 

 

Монголоос авсан бараа бүтээгдэхүүний баглаа боодол дээрээс коронавирус илэрсэн энэ тохиолдлын дараа ОХУ-тай хиллэдэг, Хятадын Хар мөрөн мужийн Хэйхэ хотын захиргаа халдвар илэрсэн гадаад орны бүс нутгуудаас бараа худалдан авахыг хориглосон талаар Global Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар гарсан гадаад орны бүс нутгуудаас ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг орон нутгийн халдвараас сэргийлэх, хянах комисс анхааруулсан бөгөөд хилийн чанадаас илгээсэн аливаа бараа бүтээгдэхүүнийг ялган, тэмдэглэж, тусгай газарт байрлуулан, халдвараас сэргийлэх, хянах чиг үүрэг бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэхийг орон нутгийн шуудан, логистикийн компаниудад үүрэг болгосон байна.

 

Түүнчлэн халдвар илэрсэн гадаадын бүс нутгуудаас авсан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхийг оршин суугчдад уриалжээ.Мөн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосны дээр энэ журмыг биелүүлээгүй иргэдийг хуулийн дагуу хариуцлагад татна гэж анхааруулсан байна. 

 

Гурваас дээш насныхныг вакцинд хамруулах ажлаа эрчимжүүлэв 

 

Цар тахал анхлан эхэлж байсан Хятадад багагүй хугацаанд дотоодын халдвар бүртгэгдээгүй байсан ч өнгөрсөн сарын дундуур тус улсын хойд нутгуудаар халдвар дэгдсэнээр эрх баригчид хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон юм. Өвлийн олимп болоход багахан хугацаа үлдээд байгаа энэ үед нутаг дэвсгэр дээрээ нэг ч халдваргүй болгох зорилтын хүрээнд халдварын нөхцөл байдал хүндэрсэн гадаад улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоосны дээр дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна. 

 

Тэр дундаа, Хятад даяар халдварын тохиолдол шинээр бүртгэгдсээр байгаа энэ үед 3-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг нэн даруй өргөн цар хүрээтэй зохион байгуулах шаардлагатай гэж албаныхан мэдэгджээ. Түүнчлэн хүйтний улирал ирсэн, дельта хувилбар тархаж байгаа гэсэн эрсдэлтэй нөхцөлд давтан тун тариулах ажлыг яаравчлахыг мэргэжилтнүүд уриалсан байна.

 

Өмнө нь Хятадад зөөвөрлөгдсөн тохиолдлууд цөөн тоогоор бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сард хэд хэдэн бүс нутагт дотоодын халдвар олноор бүртгэгдсэн юм. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын тавны хооронд тус улсын 20 мужийн 44 хотод илэрсэн халдварын тохиолдол 918-д хүрчээ.

 

Халдвар ийнхүү дахин дэгдэж байгаа нөхцөлд хүүхдүүдийг вакцинд хамруулах нь нэн чухал гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий дархлаа судлаач Ван Цинхуа Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

 

"Хүүхдүүд коронавирусийн халдвар авах нь бага гэж бид өмнө нь боддог байсан. Гэвч дэлхий даяар цар тахал тархахын хэрээр хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгааг бид харж байна. Тэр дундаа зарим оронд хүүхдүүд энэ өвчин тусаад хүндэрч, нас барах нь ч их байгаа юм. Энэ оны эхэн үетэй харьцуулвал одоо хүүхдүүд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх нь 10 дахин их байна" хэмээн Ван Цинхуа анхааруулжээ.

 

Хүүхдүүдийг дархлаажуулах нь вакцины тусламжтайгаар сүргийн дархлаа тогтоох Хятадын стратегийн нэг хэсэг бөгөөд Хятадад ашиглаж буй вакцинууд нь эмнэлзүйн туршилтын явцад дархлаа тогтоц нь өндөр байгаа, хүүхдүүдэд сөрөг нөлөө үүсэх нь бага гэдэг нь тогтоогдсон гэж Ван Цинхуа онцолсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 3-11 насны хүүхдүүдэд нийт 3,53 сая тун вакцин тарьжээ. Хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж байгаа бөгөөд 12 дугаар сарын сүүл гэхэд 3-11 насныхныг вакцинд бүрэн хамруулж дуусна гэж тооцоолж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хятад дахин дэгдэх юм бол аюултай маш олон хун ухэх байх хятадууд дийлэхгуй шуу Тэдди Айдол байна
2021-11-08
Badarch taxar:
Одоо хужаагууд корона анх монголоос гарсан гэж хуцдаг болсон бна лэ удахгү манай коронатай нүүрсийг авахгүй гэсэн !
2021-11-08
х:
хужаа гэж бараг анх короно монголоос гэж хуцах вииии нүүрснээс
2021-11-08