Д.Ганбат: 2022 оны төсвийг сайжруулах шаардлага тавьж, бүлэг завсарлага авна

Ардчилсан намын бүлгээс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр 2022 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт завсарлага авах талаар хэлэлцсэн байна.
Ирээдүйн өв сангийн хуулийг АН олонх байхдаа баталсан. Байгалийн баялгийн үр өгөөжийг ирээдүйдээ зориулан хадгалах ёстой. Үе үеийн Засгийн газар хэрэгцээтэй үедээ ашиглаж болохгүй гэж хуульчилсан. Гэтэл энэ Засгийн газар хууль зөрчиж, 2022 оны төсөвт тусгаж байгааг АН-ын бүлэг дэмжихгүй.
2022 онд маш их алдагдалтай төсөв батлах гэж байгаа. Эдийн засгаа тэлэх, орлого олох ямар ч нааштай зүйл байхгүй. Хойшлуулж болохуйц олон хөрөнгө оруулалтыг тусгасан. Жишээ нь, музей, соёлын төв барих зэргээр шаардлагагүй хөрөнгө оруулалт их байгаа. Үүнээс гадна тэтгэвэр, цалин нэмэх талаар нэг ч үг, өгүүлбэргүй төсөв болсон учраас бид татаж авч, сайжруулах байр суурийг илэрхийлж, завсарлага авах шийдвэрийг гаргасан гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2022 оны төсөвт асар их шүүмжлэлтэй хандсан. Уул уурхайн бүтээгдэхүүн төсвийн зарлагадаа явлаа, Ирээдүйн өв санг зарцуулж болохгүй зэрэг маш олон зөв дүгнэлт гарсан. Гэтэл энэ дүгнэлтийг үл харгалзан төсөв оруулж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тус бүлэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хэлэлцээрийг дэмжиж байгаа, улстөржүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ