Н.Учрал: Иргэд жагсаал цуглаан хийхдээ төрөөс зөвшөөрөл авдаггүй болно

Иргэд эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан хийн үзэл бодлоо илэрхийлэхдээ төрөөс заавал зөвшөөрөл авдаг. Тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, бүртгүүлдэг. Тухайн жагсаал цуглаан “таалагдахгүй” бол Засаг дарга татгалзаж, зөвшөөрөл олгодоггүй эрхтэй. Үүнээс үүдэн иргэн, цагдаагийн албан хаагчийн хооронд үл ойлголцол үүсдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн энэ заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулж, өнөөдрөөс олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлж буй талаараа мэдээллээ. Түүний санаачилсан төсөлд иргэд жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авахгүй зөвхөн бүртгүүлдэг болох аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Сүүлийн үед хүний жам ёсны эрхэнд халдах байдал ажиглагдаж байна. Үндсэн хуулиар бид итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх чөлөөг тусгаж өгсөн. Гэтэл өнөөдөр жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна.
2015 онд баталсан жагсаал цуглаан хийх журмын хуулиар Засаг даргад заавал мэдэгдэл хүргүүлж, түүнийгээ бүртгүүлдэг. Бүртгэхээс татгалзаж болдог зохицуулалт оруулсан. Уг нь энэ бүртгэл, зөвшөөрөл олгох зохицуулалт огт биш. 2015 оны энэ хууль маш том ухралт бий болгосон. Үүнээс болоод төр, иргэний хооронд үл ойлголцол үүсч байна. Тиймээс 2015 оны хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Хууль өөрчлөгдсөнөөр жагсаал цуглаан хийхдээ ямар ч зөвшөөрөл авахгүй. Зөвхөн тухайн нутгийн Засаг даргад мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Энэ бүртгэл жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой” гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ