Талибууд хүүхдүүдийг вакцинд хамруулахад саад учруулж байна

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөнийг дэмжигчид НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд халдварт саа өвчнөөс сэргийлэх вакциныг хүүхдүүдийн гэрт нь очиж хийхийг хориглосон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Талибууд гэрийн нөхцөлд вакцин тарихыг хориглон гагцхүү сүмд энэ ажлыг зохион байгуулах ёстой гэж мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ЮНИСЕФ "Талибан" хөдөлгөөнийнхөнтэй зөвшилцсөний дүнд дархлаажуулах ажлыг эхэлж байсан гэнэ. "Талибан" бүлэглэлийн төлөөлөгчидтэй "өндөр төвшинд" хэлэлцсэний дүнд Афганистаны хүн амын эрүүл мэндийн салбар дахь тулгамдсан хэрэгцээг нэн яаралтай хангах тохиролцоонд хүрсэн гэж НҮБ 10 дугаар сард мэдэгдэж байлаа. Түүнчлэн, талибууд дархлаажуулалтын ажилд эмэгтэй эмнэлгийн ажилтнуудыг оролцохыг зөвшөөрсний дээр тэдний аюулгүй байдлыг хангахаа амалсан талаарх мэдээлэл гарч байв.
Гэсэн ч талибууд амлалтаа биелүүлээгүйн дээр одоо Афганистаны хүүхдүүдийг вакцинд хамруулахад саад болж, гагцхүү сүмд энэ ажлыг зохион байгуулахыг шаардаж байгаа гэнэ. Ингэснээр дархлаажуулах ажил зогсож, олон хүүхэд халдварт саа өвчин тусах эрсдэлтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид мэдэгджээ.
Энд дуулгахад, Афганистаныг талибууд эзлэн авсны дараа энэ улс дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал нэн хүндэрсэн юм. Ирэх өвөл Афганистаны ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлэхийн тулд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд шуурхай арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бизли 11 дүгээр сарын наймны өдөр уриалж байлаа.
"Төсөөлж болохоос ч хүнд нөхцөл байдал үүссэн. Дэлхий дээрх хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал нүүрлэж болзошгүй" хэмээн Бизли мэдэгдэж байв.
Түүний өгүүлснээр, Афганистаны хүн амын 95 хувь нь хоол хүнсний дутагдалтай байгаагийн дээр тун удахгүй 23 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй нөхцөл үүссэн байна.
Өлсгөлөнд нэрвэгдсэн афганчууд хүүхдүүдээ зарж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ