Н.Алтанхуяг: Мөнгөтэй хүмүүс улс төрийн намаар тоглодог боллоо

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэхэл хатуу байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад хандан өнгөрсөн хавар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы хэлэлцэх асуудлыг дараалалд оруулах саналыг тавьсан. Харин түүний санал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна. Учир нь ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гадаадад томилолттой яваа аж.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр материалаа хүргүүлсэн ч СЕХ бүртгээгүй. Үүнээс үүдэн УИХ дахь АН-ын бүлгийнхэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, нэр дэвшигчийг бүртгэхийг шаардсан юм. Энэ асуудлыг ширээний ард ярилцах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралджээ. Уг хуралдаануудыг санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх саналыг Н.Алтанхуяг гишүүн удаа дараа гаргаж буй юм. Тэрбээр цаашид ч хэлэлцэх хүртэл үүнийг долоо хоног бүр ярина гэдгээ өнөөдөр хэллээ.
Энэ талаар Н.Алтанхуяг “...Монгол үндсэндээ хоёр нам л байгаа. Ганц намтай байсан, 1990 оноос хойш хоёр дахь нам нь бий болсон. Хоёр дахь намаараа тоглож байна. Би цаашид долоо хоног бүр энэ асуудлыг тавина. МАНАН-ынхан болохоо байлаа. Монголд шударга ёс алга боллоо. Мөнгөтэй хүмүүс Монголын улс төрийн намаар тоглодог боллоо. Бүртгэлийн байгууллагыг татан оролцуулж байна. УИХ-ын гишүүд үүнд анхаарлаа хандуулж өгөөч. Одоо хүртэл хэлэлцэх асуудалд орохгүй байна” хэмээн асуудлыг дахин нэхлээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ