Ц.Оюунгэрэл: Үерийн далан нурааж байгаа Д.Сумъяабазарыг шүүхэд өгсөн

Нутгийн шийдэл ТББ-аас Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар мэдээлэл хийж байна.
Нутгийн шийдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах зориулалттай инженерийн байгууламж болох Туул голын үерийн хамгаалалтын даланг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нурааж байгаа. Захирамж нь зам тавих юм. Тус замыг тавих явцдаа Улаанбаатар хотын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн хамгаалалтын даланг аюултай түвшинд хүртэл намсгаж бүтцийг өөрчилж, нурааж байна. Энэ асуудалд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж хариуцагчаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг татаж өгөөч гэж зарга үүсгэж байгаа. Долоо хоногийн хугацаанд энэ асуудалд хэрэг үүсгэх эсэхийг шийднэ.
1966 оны их үерийн дараа маш их аюултай нөхцөл байдал үүссэн учир үерийн далан байгуулсан байдаг. Үерийн далан нь Туул голын үерлэх дээд хэмжээнээс 1 метр өндөр өргөгдсөн далан байх ёстой байдаг. Гэтэл нурааж байна. Нарийвчилсан шинжилгээ хэрэгтэй байгаа. 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 414 тоот захирамжийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан байдаг. Уг захирамжаар Ханхиллс хотхоноос зайсангийн гүүр хүртэлх зам тавина гэдэг шийдвэр гаргасан. Ингээд батлахдаа үерийн хамгаалалтын далангийн газар нутгийг оруулсан байдаг. Гэтэл үерийн хамгаалалтын далан нь өөр зориулалттай бүтээн байгуулалт юм. Энэ нь нийслэлийн өмчийн бүтээн байгуулалт. Уг үерийн байгууламжийг автозам болон хувиргана гэдэг бол буруу шийдвэр" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ