ЧУУЛГАН: Ховдын гишүүн баярлаж, Говь-Алтайн гишүүд уурлав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн БОАЖ-ын сайд Н.Уртнасанд тавьсан асуулгын хариуг сонсч байна. Говь-Алтай аймгийн Бугат суманд байсан Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлсэн шалтгааныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан тайлбарлав.
Асуулгын хариулттай холбогдуулан Говь-Алтай, Ховд аймгаас сонгогдсон гишүүд асуулт асууж, БОАЖ-ын сайдаас хариултаа авлаа. Энэ үеэр Ховд аймгаас сонгогдсон гишүүд хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүлсэн нь зөв хэмээн үзсэн бол Говь-Алтай аймгийн гишүүд хууль зөрчсөн шийдвэр хэмээн уурсав.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Би энэ асуудлаар Н.Уртнасан сайдтай уулзсан, энэ шийдвэрээ өөрчлөх боломжтой, бид судалж байгаа гэсэн. Тэр асуудал юу болж байна вэ?
Эмзэглэж байгаа нэг асуудал нь тухайн нутгийн ард иргэд, байгууллага, хамт олноос асуухгүйгээр шилжүүлчихсэн. Үзэмжээрээ, нэг яамны хэдэн мэргэжилтэн сууж байгаад энд хамгаалалтын захиргааг байгуулчихъя гэдэг хэлбэр рүү явж байна. Шийдвэр гаргасан арга, хэлбэр чинь өөрөө асуудал дагуулж байгаа. Хууль бус нөхцөл байдлыг бий болгоно. Аливаа байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах чинь хуультай. Заавал хуулийн хүрээнд хийх ёстой. БОАЖ-ын сайд үүнийг Засгийн газрын тогтоолгүй, хуульгүй хийсэнд асуудал байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх асуудал 2021 оны 01 дүгээр сараас эхэлж яригдсан асуудал биш. Сүүлийн 10 жил яригдсан. 911 га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг хаана байлгавал оновчтой байхыг нутгийн иргэд болон хамгаалалтын захиргааны ажилчидтай олон удаа ярилцаж, санал асуулга явуулж байсан.
Хамгаалалтын захиргааны ажилчдын 80 хувь нь нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналаа ирүүлсэн байна. Одоо Бугатад байгаа хамгаалалтын захиргааг бүрэн хаахгүй. Найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч хуучин байрандаа үлдэж, хамгаалалтын ажлаа үргэлжлүүлнэ.
Бид аймаг, орон нутгийнхантай эргэж ярилцсан. Хамгаалалтын захиргааны дарга Алтай сум руу нүүх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Тусгай хамгаалалтын захиргааг нүүлгэснээр ашигт малтмалыг ухаж байна гэж Бугатын ард түмэн, алтайчууд хардаж байгаа. Эзэнгүйдүүлж байгаад уул усыг ухах нь гэсэн хардлага их байгаа. Ийм асуудал байна уу?
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал эрэх, хайх бүх үйл ажиллагаа хориотой байдаг. Тиймээс Тахийн талд болон Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт ААН орж ашигт малтмал эрж хайх боломжгүй. Тахийн судалгаа шинжилгээ бүтэц үргэлжлэн ажиллана. Хамгаалалтын захиргааны нэгж хэсэг болон үлдэнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Дархан цаазат газрын 65 хувь нь Ховд аймагт байрлаж байна. Дархан цаазат газар таван сумын нутгийг хамардаг. Үүний гурван сум нь Ховд аймгийнх. Байрлалын хувьд яг чанх голд нь байна. Дэд бүтцийн хувьд хамгийн сайн байна. Дархан цаазтай амьтадын ихэнх нь Ховд аймаг руу орж өвөлждөг. Хүнээ бодвол сургууль, цэцэрлэг хангалттай сайн. Давуу талууд маш их гарч ирж байгаа. Тиймээс Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлсэн БОАЖ-ын сайдын шийдвэр зөв гэж хүлээн зөвшөөрч байна, баяр хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Н.Уртнасан сайд аа, би таныг УИХ-д хүндэтгэлтэй хандаарай гэж хүсье. Та УИХ-ын танхимд битгий худлаа яриарай гэж анхааруулъя. Би таниас 09 дүгээр сард таны А-45 тоот тушаалтай холбоотойгоор дөрөвхөн асуулт асуусан. Та энэ асуултад хариулаагүй, дахиад асууя. Та яагаад газар нутгийн нэр өөрчлөөд байна вэ? Яагаад УИХ-ын бүрэн эрхэнд халдаж, хууль зөрчөөд байна вэ. Яаж яваад 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан Говийн их дархан газар Зүүн гарын говийн дархан газар болоод өөрчлөгдчихөв? Яаж яваад Хятадын газар нутгийн нэрийг авч ирээд наачихав?
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Бид газар нутгийн нэршлийг өөрчлөөгүй. Хамгаалалтын захиргааны нэрийг Зүүн гарын говийн гэж өөрчилсөн. Гэхдээ хамгаалалтын захиргааны нэршлийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэг гэдэг хуучин нэрээр нэрлэх боломжтой. БОАЖ-ын сайдын тушаалаар нэр өөрчлөх бүрэн боломжтой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ