Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаан, боловсролын салбар жилд 8.1 сая мод тарих боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “...Манай улсаас үүэлтэй шар шороон шуурга БНХАУ, цаашлаад АНУ-ыг хүртэл нүүдэллэж, жилдээ олон тэрбум ам.долларын эдийн засаг, экологи, эрүүл мэндийн хохирол учруулж байгааг дэлхий мэднэ. Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас даруй хоёр дахин өндөр байна. Мөн манай орны нийт газар нутгийн 76.2 хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртсөн, 45.4 хувь нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдана гэсэн үг. Энэ Монгол Улсын ҮАБ, ард түмний амар амгалан амьдарлтай шууд холбоотой асуудал. Үүнд хүн бүр сэтгэл зовох ёстой. Бид оройтож байна. Өнөөдөр л бид эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахгүй бол цөлжилт, шар шороон шуурга монголчууд бидний амьдралыг зогсоож магадгүй аюултай цаг үе ирсэн байна.
Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон гамшигт үзэгдлийн тоог 1990 онтой харьцуулвал гурав дахин нэмэгдсэн. Цаашид бид уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилт, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилтоо, арга барилаа, хандлагаа өөрчлөн, бодит үр дүнд хүрэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хурдтай ажиллаж, алдсан цаг хугацаагаа нөхөж олж авах хэрэгтэй" гэдгийг онцолж байна.
Мөн Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэхээ мэдэгдлээ. БШУЯ, БОАЖЯ хамтран мод тарьж, ургуулах, хамгаалах ажлыг хийх 1000 сургагч багшийг бэлтгэх аж. Тэд сум орон нутагт очиж ажиллан, модыг хэрхэн яаж тарьж ургуулахыг заах юм байна.
Ерөнхийлөгчийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогчдод хандан үг хэллээ.
Тэрбээр "...Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөж байгаа улс орнуудын нэг. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. НҮБ-ын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөл зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар олгосон байна. Манай улсад олон зуун гол горхи ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг болж, аюулын харанга дэлдэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөн болж зөвхөн ойг нөхөн сэргээх бус дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх цогц хариу үйлдэл юм.
Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгох, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн ханган хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах, хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхий л зүйлээ хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд илэрхийлж байна" гэв.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Тэрбээр "...Манай оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат байдаг эдийн засгийн салбаруудад илүү эрсдэл учирч, гол мөрөн хатаж ширгэх, мөнх цэвдэг хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ эрс нэмэгдэж байна. Цөлжилтийн 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүний хүчин зүйлээс шалтгаалж байгааг судлаачид тогтоогоод байна.
...Цэнгэг усны нөөц, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 онд 30 хувь, 2050 онд 35 хувьд хүргэх, ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалах замаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 2030 онд 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэх зорилт тавиад байгаа"-г танилцуулж
Тэрбум мод хөдөлгөөнийг дараах хоёр замаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад байгаагаа хэллээ.
-
Ойт хээрийн навчит болон говийн бүсийн заган ойг сэргээж, ойн санг 300 мянган га талбайгаар нэмэгдүүлэх
-
Тариалангийн талбай, авто болон төмөр зам, уст цэг орчмын газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний мод тарих замаар 293 мянган га талбайг агро ойн аж ахуйг хөгжүүлэх.
Ингэснээр нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд Тэрбум мод тарьж ургуулах боломжтой гэж тооцож байгааг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.
Тэрбум мод тарихад шаардлагатай хөрөнгийн
30 хувийг улс, орон нутгийн төсвөөс
46 хувийг хувийн хэвшлээс
19 хувийг олон улсын байгууллагаас
5 хувийг иргэд, олон нийтээс бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.
Монгол орны усны нөөц 564.8 км/куб байна. Жилд дундажаар 100 сая мод тарихад 300 сая м/куб, тэрбум мод тарихад 3 тэрбум м/куб ус шаардлагатай аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэх боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх бодлогоо танилцууллаа. Тэрбээр "Мод тарих нь инноваци, шинжлэх ухаан юм бол энэ ажилд БШУЯ манлайлан оролцох хариуцлага бидэнд ирж байна. Бид Тэрбум мод тарьж, ургуулахыг дөрвөн том ажил гэж харж байна.
-
Монголчууд бид өнөөдрийг хүртэл хуримтлуулж ирсэн мэдлэг, технологио ашиглах шаардлага үүслээ. Ой мод, усны 5000 орчим мэргэжилтний хийсэн судалгаа, инноваци, технологийг ашиглах шаардлагатай байна.
-
Салбар, салбарын эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай.
-
ДНБ-ийнхээ нэг хувийг Тэрбум мод тарих хөдөлгөөнд зарцуулах гэж байгаа нь маш том тоо. Тиймээс санхүүжилтийн зөв схемтэй байх ёстой. Татварын орчин зөв болж байж, төр-хувийн хэвшлийн санал санаачилга ажил хэрэг болж, үр дүнд хүрнэ.
-
Тарих нэг өөр ургуулах бол амин сүнс. Бүрдүүлсэн ойн сангаа хэрхэн арчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал.
Судлагаа, инноваци, туршлагаас гадна хүний нөөцөө бүрдүүлэх ёстойг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байна. Ерөнхийлөгч ойрын хугацаанд 1000 сургагч багшийг бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Ойрын хугацаанд 1000 биш 7200 мэргэжилтнийг бэлтгэж байж, Тэрбум мод хөлөгөөн амжилттай хэрэгжих үндэс суурь бүрдэнэ.
1000 сургагч багшийг богино хугацаанд хэрхэн бэлтгэх вэ?
Боловсролын зээлийн сангаас ойн чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх, төгсөөд хөдөө орон нутагт ажиллах боломжоо хангах эдийн засгийн хөшүүргийг хийж өгөх ёстой. Өөр нэг боломж нь жил бүр 330 сум, 170 хорооноос 504 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг нээсэн. Энэ төсөл энэ намраас хэрэгжиж эхэлсэн. Ирэх хавар бид эхний 504 хүүхдээ гадаадын их дээд сургууль руу явуулна. Энэ 504 хүүхдийн 50 хүртэлх хувьд нь ойн чиглэлээр сургах бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж харж байна.
Шинжлэх ухаан, боловсролын салбар жилд 8.1 сая мод тарих боломж байна. Найман жилд 65 сая мод тарьж ургуулан, Монголын ойн санг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг мэдээлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ