Каддафийн хүү Ливийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө

img

Арван жилийн тэртээх Арабын хаврын үеэрх бослогын үеэр эрх мэдлээ алдаж, босогчдын гарт зэрлэгээр амиа алдсан Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн дунд хүү Сейф-аль-Ислам 12 дугаар сарын сүүлээр болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Өдгөө 49  настай Сейф-аль-Ислам эцгийнхээ ойрын хүрээлэлд багтдаг байсан бөгөөд олон нийт, дипломат харилцаан дээр голчлон ажилладаг байсан юм. Тэрбээр ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэдэг байсан ч албан ёсоор энэ албан тушаалд очих аавынхаа саналыг хүлээн авахгүй гэдгээ олны өмнө мэдэгдэж байв.

 

Ливийн удирдагчийг түлхэн унагахаас өмнө гагцхүү Сейф-аль-Исламыг эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж үздэг байв. Тэрбээр 2011 онд эцгийнх нь эсрэг гарсан бослогыг зэрлэгээр дарахад шууд оролцсон гэдэг. Гаагийн олон улсын шүүх түүнийг аллага болон бусдыг мөрдөж шалгасан гэсэн үндэслэлээр хүн төрөлхтний эсрэг хоёр гэмт хэрэгт буруутган, баривчлах зөвшөөрөлтэй байдаг юм.

 

Энэ оны наймдугаар сард Ливийн прокурор Мохаммед Гаруда Каддафийн хүүг "Вагнер" хувийн цэргийн компанийн Оросын хөлсний цэргүүдтэй холбоотой хэмээн буруутгаж баривчлах зөвшөөрөл өгч байлаа.

 

Сейф-аль-Ислам нэр дэвшигчээр бүртгүүлэх үедээ ливийн уламжлалт хувцас өмссөн байсны дээр Коран судраас иш татан үг хэлсэн байна. Тэрбээр Каддафиг төр барьж байх үед олны өмнө барууны хувцастай гардаг байв. Сейф-аль-Ислам баруунд боловсрол эзэмшсэн, Швейцарын хараат бус төрийн бус байгууллага болох Дэлхийн лидерүүдийн олон улсын форум 2005 онд түүнийг гишүүнээр нэрлэж байв. Энэ форумд Марк Цукерберг, Google-ийг үүсгэн байгуулагч Сергей Брин, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Арден, Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар багтаж байсан юм.

 

Дэлхийн лидерүүдийн форум ийнхүү Каддафийн хүүг гишүүнээр нэрлэсэн нь түүнийг Ливийн дэглэм либералчлагдахад нөлөөлнө гэж найдсантай холбоотой гэж зарим шинжээчид үзэж байлаа.

Гэвч Муаммар Каддафи алагдсаны дараа Сейф-аль-Ислам ч олзлогдож, түүнийг бослогыг дарах гэж оролдох үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж л тулган, тэрбээр зургаан жил шоронд хоригдсон юм. Хожим нь түүнд оноосон цаазын ялыг хүчингүй болгосон. Гаагийн шүүх түүнийг албан ёсоор сэжигтэн гэж үздэг хэвээр байгаа ч тэрбээр Ливийн улс төрд аажмаар эргэн ирж байгаа юм.

 

Саяхан  New York Times  сонинд өгсөн ярилцлагадаа эцгийнх нь эрин үеийг дурсах явдал оргилдоо хүрэх үед улс орноо нэгтгэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Сейф-аль-Ислам илэрхийлж байлаа. Өнөөгийн Ливийн олон оршин суугчийн адилаар тэрбээр "Арабын хавар"-ыг бүтэлгүйтсэн гэж үздэг бөгөөд Муаммар Каддафийн бодлогыг зөвтгөдөг юм. 

 

"Тэд эх орныг хүчирхийлсэн, одоо манай орон өвдөг дээрээ сөхрөөд байна. Мөнгөгүй, аюулгүй байдалгүй, амьдрал ч үгүй. Шатахуун түгээх газар руу очоод үз, дизель байхгүй. Бид Итали руу газрын тос, хий нийлүүлж, энэ улсын талыг гэрэлтүүлж байхад эх оронд минь гэрэл цахилгаан алга. Энэ бол зүгээр нэг ялагдал биш энэ бол бүтэлгүйтэл" хэмээн хурандаа Каддафийн хүү 2011 оны хувьсгалын талаар ярьж байв. 

 

Олон жилийн иргэний дайны дараа Ливийг өдгөө түр засгийн газар удирдаж байгаа юм. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа бөгөөд фракцууд сонгууль явуулах журам, хугацаатай холбоотой асуудлаар хоорондоо ихээхэн зөрчилтэй байдаг. Тиймээс 12 дугаар сарын сүүлээр сонгууль зохион байгуулагдахгүй ч байж магадгүй гэж шинжээчид үздэг юм.

 

Каддафи: Барууныхан тэнэгүүд, алан хядагчдыг тогтоон барьж байсан Ливийг нураалаа

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ