О.Батбаяр: Сүргийн дархлаа гэдэг ойлголт үгүй болсон

Сүргийн дархлаа болон бүүстер тунгийн талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.
Манай улсын иргэдийн дунд сүргийн дархлаа тогтож байна уу?
-Сүргийн дархлаа нь өмнө байсан ойлголт. Коронавирус халдварын сүргийн дархлааны ойлголтыг Швед, Их британи гэсэн улсууд анх гаргаж ирсэн. Сүргийн дархлааг тогтоосноор халдварын тохиолдлыг хянах зорилготой. Сүргийн дархлааны тухай ойлголт коронавирусийн эсрэг вакцин гарсны дараа яригдсан. Тодруулбал, хүн амынхаа хэдэн хувийг вакцинжуулбал сүргийн дархлаа тогтох вэ гэдэг асуудал яригдсан юм.
Гэтэл коронавирус мутацилагдсан. Халдварлах чадвар эрс өссөн. Тиймээс сүргийн дархлаа тогтох боломжгүй болсон. Мөн вакцины үр нөлөө буурсан. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш 4-5 сарын дараа вакцины үр нөлөө тодорхой хэмжээнд буурдаг юм байна гэсэн судалгаа бий. Тухайлбал, Астразенека, Файзер вакцин хийлгэснээс хойш зургаан долоо хоногийн дараагаас 10 хувиар буурч байна.
Коронавирусийг Ухань эх хувилбартай харьцуулахад альфа хувилбар 2 дахин, дельта 4 дахин халдварлах чадвар нь нэмэгдсэн. Тиймээс сүргийн дархлаа гэсэн ойлголт боломжгүй болсон. Гадны судлаачид хүн амыг 150 хувь вакцинжуулж байж, сүргийн дархлаанд хүрэх боломжтой юм байна гэж үзсэн. Улмаар Улмаар Их британи зэрэг улсууд бодлогын баримт бичгээсээ сүргийн дархлааг хассан. Харин улс орнууд бүүстэр тунг нэмэгдүүлэх тактик руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, сүргийн дархлаа гэсэн ойлголтоос илүү вакцины бүүстэр тунгаар халдварыг бууруулах тактик руу шилжсэн.
Манай улсын бүүстэр тунгийн хамрагдалт ямар байна вэ?
-Манай улс бүүстер тунд нийт хүн амынхаа 15 хувийг хамруулсан. Улмаар халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай болсон. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 26 хувиар буурч байна. Улмаар эмнэлгийн ачаалал 40 хувиар буурсан. ЭМЯ-ны дэргэдэх ор зохицуулах баг ажиллаж байгаатай холбогдуулан өдөрт 500-700 хүнд өвчтөнг хуваарилан хэвтүүлж байсан. Одоогийн нөхцөлд энэ тоо 150 болтлоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Бүүстэр тун тохиолдлын тоо, хүндрэл нас баралт, эмнэлгийн ачаалал, бууруулж байна. Тиймээс сүргийн дархлаанаас илүү бүүстер тун нь бодитоор хэрэгжиж, халдварыг бууруулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ