С.Энхболд: Бүүстэр тун дараагийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх боломж

img

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өглөө.

 

 

Манай улсад халдварын тохиолдлын тоо буурч байна, гэхдээ тайвшрах болоогүйг Эрүүл мэндийн сайд хэлж байна. ОХУ, Европын улсуудад дельта хувилбарын дөрөв дэх давалгаа явагдаж, халдварын тоо, нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж байна.  

 

Манай улсын нийт хүн амын 65.2 хувийг вакцины II тунд хамруулсан. III тунд зорилтот бүлгийн 25 хувь хамрагдаад байна. Сүүлийн үед улс орнууд бүүстэр тунг эрчимжүүлж байна. Ялангуяа, Европын улсуудад бүүстэр тунд хамрагдсан иргэдийг олон нийтийн арга хэмжээнд оруулж байна.

 

Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт бүүстэр тунгийн идэвх өндөр байгаа бол Баян-Өлгий аймагт сул байна. Бүүстэр  тун нь дараагийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх боломж. Коронавирусийн халдвар цаашид яаж үргэлжлэх нь тодорхойгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэм, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эм тарианы нөөцөд онцгой анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад сануулав.  

 


Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тогтоолыг хэлэлцэж, баталлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэрбум мод хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, үүрэг чиглэл өглөө.

 

 

Ерөнхий сайд “...Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилд дундажаар нэг хэмээр нэмэгдсэн. Хэрэв хоёроос дээш хэмээр дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтоно гэдгийг олон улсын судлаачид онцолж байгаа. Тиймээс нэн амаргүй цаг үед та бид амьдарч байна. Цар тахлын сорилт ч байгаль дэлхийн илгээж буй дохио байж магадгүй гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид, байгаль хамгааллын нэрт зүтгэлтнүүд илэрхийлж байгаа.

 

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжсөн  байна. НҮБ-ын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй байна. Тиймээс өнөөдрийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол зөвхөн мод тарих асуудал биш. Бид эх дэлхийгээ хайрлах, гол усаа хамгаалах, хог хаягдлаа боловсруулах, ногоон хөгжил, инновацийн шинэ шийдэл оруулах томоохон соёлын өөрчлөлт. Энэ бол эдийн засгийн цогц асуудал гэж ойлгох хэрэгтэй.

 

Ойн судалгаа, хөгжлийн агентлаг ирэх оноос ажиллаж эхэлнэ.  Тиймээс сайн боловсон хүчин бүрдүүлж, аймаг, дүүрэг онцгой уялдаж ажиллах хэрэгтэй"-г санууллаа. 

 

Мөн Ерөнхий сайд аймаг, нийслэлд төсвийн эрх мэдэл өгч байгааг энэ үеэр дуулгаж, Засгийн газар мод тарих санаачилга өрнүүлсэн, цахим шилжилт хийж, хүнд сурталгүй болсон, хог хаягдалгүй болсон аймагт 2023 оны төсөвт илүү дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "...Энэ жилийн улсын төсвөөр орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Орлого олох тусам орлоготой нийцсэн хөрөнгө оруулалтыг авдаг тогтолцоо руу 2022 оноос орно. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. АМНАТ-ыг орон нутаг өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон. Мөн төсвийн захиран зарцуулагч нарт цалин тогтоох, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх өгсөн байгаа. Тиймээс цаашид бүх аймаг улсаас татаас авдаг биш бие даан хөгжих томоохон боломжийг гаргаж өгсөн байгаа шүү" гэдгийг дарга нарт сануулж, хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг даалгалаа. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ганбаа:
Хүүхэд хуурч бга шиг үнэн жижиг гар ажээ. Үхсэн элийнх нь цахим шилжилт. Компьютер асааж чадахгүй төрийн алба хаагчид хаа сайгүй бхд. Хогийг аж ахуйч нэг хүн зохион байгуулчихлаг. Эдийн засаг ажлын байр хөгжил яриач.АМНАТ яриад байвал эх орныг чинь ухаад л байх болно.
2021-11-17