ШУУД: Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирлоо
Гашуунсухайт-Ганц модны чиглэлд тавьсан төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдлээ. БНХАУ-ын зүгээс тус төмөр замын огтлолцлын цэг хаана байх тухай Нот бичгийн төслөө манай улсад ирүүлсэн байна. Уг төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас тавьсан Гашуунсухайт-Ганц модны боомт чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг зөвшөөрч, баримт бичигт гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайд Б.Батцэцэгт өгчээ.
Хоёр улсын Засгийн газрын түвшинд огтлолцлын цэгийг тодорхой болгосноор Чайна Энержи болон Тавантолгой төмөр зам компани огтлолцлын цэгт ямар байгууламж барьж, шилжүүлэн ачихад юуг анхаарах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ.
Б.Жавхлан: Эрээнээс чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнийг татна
Сангийн сайд Б.Жавхлан хилийн боомтуудад ажиллаад ирсэн. Тэрбээр боомтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Гашуунсухайт боомтоор сүүлийн өдрүүдэд 400-500 нүүрс тээврийн машин гарч байна. Өнөөдөр 600 тээврийн хэрэгсэл гарсан мэдээ байна. Цаашид үйл ажиллагаа тогтворжиж, тээврийн хэрэгслийн тоог нэмэх боломж бүрдэнэ.
Замын-Үүд боомтын хувьд төмөр замын тээвэр хэвийн үргэлжилж байна. Харин авто замын тээвэр зогсоод буй. БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг бид судалж, хариугаа өгсөн. БНХАУ-ын талаас хоёр улсыг тэг цэг дээр бараа бүтээгдэхүүнтэй чингэлэгийг тавьж, манай талаас тавцант тээврийн хэрэгслүүд орж, чингэлэгийг татаж авах шинэ горим руу шилжихээр болсон.
Эрээн хотод сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй. Цаашид 14-20 хоног ажигдаж, шинээр илрэхгүй бол шинэ горимоор бараа бүтээгдэхүүнээ татан авна. Өдөрт 20 тоннын 50 чингэлэг татан авах юм.
Шивээхүрэн боомтод Гашуунсухайтад байгуулсантай адил чингэлэг, терминалын ажил хийгдэж байгаа. Энэ боомтууд нүүрс олборлож байгаа хувийн есөн ААН нэгдэж, терминалыг байгуулж буй. Гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ сард багтаан дуусгана. Хятадын талтай энэ терминалыг хэрхэн ашиглах талаар ярьж байгааг Сангийн сайд мэдээлэв.
С.Энхболд: Дельта хувилбарын гурав дахь давалгаа буурах шат руугаа орж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын тархалт буурч байгааг мэдээлж байна. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд ПСР шинжилгээгээр батлагдаж буй тохиолдлын тоо эрчимтэй буурч байна. Энэ нь дельта хувилбарын гурав дахь давалгаа буурах шат руугаа орж байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварын оргил үед 22 400 орыг дэлгэж, тусламж үйлчилгээ байсан бол долоо хоногийн хугацаанд 5000-аар буурлаа" гэсэн мэдээллийг өглөө.
Халдварын тохиолдол буурч байгаа нь дархлаажуулалттай холбоотой. Өнөөдрийн байдлаар вакцины бүүстэр тунд зорилтот бүлгийн 26 хувь нь хамрагдаад байгааг Эрүүл мэндийн сайд хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ