Комедиан Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ

Өнгөрсөн долдугаар сард иргэн Д.Амартүвшин н.Булгантамир нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан. Иймд коронавирусийн тухай хууль зөрчсөн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл уг асуудалд холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Иргэн Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Иргэн Д.Амартүвшин “Долдугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцсан. Наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Хэргийн материал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурал 14 хоногоор хойшлогдсон. Гэнэт энэ долоо хоногийн 1 дэхь өдөр маргааш шүүх хуралтай шүү гэж залгасан. Хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учир дөрөв дэхь өдөр хүртэл хойшлуулсан. Өнөөдөр шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр шаардлага хангахгүй нотлох баримтууд нь хэвээрээ байна. Гэтэл шаардлага хангахгүй нотлох баримт үндэслэн зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарлаа. Би хуулиа дагана. Чухал нь надтай ижил улбар шар түвшинд хэдэн мянган хүн цуглуулж, зай бариагүй эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно биздээ. Надтай хариуцлага тооцож байгаа бол эрх мэдэлтнүүдтэй бас хариуцлага тооцох хэрэгтэй. Зөрчлийн хэрэг үүсгэх үү? Сайд дарга нар нь хүн цуглуулж болдог бид болдоггүй.
Шаардлага хангахгүй нотлох баримтаар торгох шийдвэр гаргасан. Давж заалдана" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ