Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын үрэлгэн хэрэглээг шүүмжиллээ

Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын цаасны хэрэглээ хэтэрч, үрэлгэн байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Хууль хүчингүй болсон тухай мэдээллийг ийм зузаан цаасан дээр хэвлэж өгч байна. Би сая хүнээс асуулаа, 500 ширхэгтэй боодол бичгийн цаас 11 000 төгрөг байдаг гэнэ. Надаар 2000 гаруй төгрөг устгуулж байна. УИХ-ын нэг гишүүн нэг хуулийн төсөл хэлэлцэхэд өдөр болгон 2000 төгрөг устгаад байвал юу болох вэ. Ард түмний хөрөнгийг ингэж үрж болохгүй. УИХ өөрөө стандарттай болооч ээ” хэмээн төсвийн хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх ёстойг хэллээ.
Түүний шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж буйгаа илэрхийлж, одоо ч цааснаас салахад бэлэн байгаагаа хэлэв. Учир нь УИХ-ын гишүүн бүр iPad-тай, тэнд нь хуулийн төслүүдийг байршуулдаг аж. Өөрөөр хэлбэл хуулийг цаасан дээр хэвлэх шаардлагагүй. Гэтэл гишүүд өөрсдөө цаас нэхэж, хуулийн төслийг хэвлүүлж авахыг хүсдэг гэнэ. Тиймээс гишүүд цааснаас нэрмөр татгалзвал байнгын хорооны ажлын албаныханд ч амар байхыг Н.Учрал гишүүн хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ