Б.Намхайноров: Энэ жил долоон отрын бүс нутагт 447 405 толгой мал өвөлжинө


Отрын бүс нутаг болон өвөлжилтийн талаар ХХААХҮЯ-ны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн Б.Намхайноровоос тодрууллаа.
Энэ өвөл хэчнээн тооны мал отроор өвөлжих вэ?
-ХХААХҮЯ-наас ажлын хэсэг гарч эрсдэлийн үнэлгээ хийсэн. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны тогтоолоор батлагдсан улсын тусгай хэрэгцээний аймаг дундын есөн отрын бүс бий. Аймаг дундын отрын бүс нутаг нь малыг өнтэй өвөлжүүлэх, эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Энэ жил Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баянноров, Увс аймгийн Ачит нуур, Завхан аймгийн Багахайрхан, Өвөрхангай аймгийн Хөхдэл, Говьсүмбэр аймгийн Малх, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан гээд нийт аймаг дундын долоон отрын бүс нутагт 507 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 447405 толгой мал өвөлжүүлэх шийдвэр гарсан. Тухайн отрын бүс нутагт өвөлжих малчны нэрс, маршрут манай мэдээллийн сайтад байршсан байгаа. Отрын бүс нутагт өвөлжих малчид зөвшөөрлөө аваад, мал эмнэлгийн ерөнхий газрын цахим системээс малын гарал үүслийн гэрчилгээгээ авна.
Энэ жил малын гоц халдварт өвчин ихээр бүртгэгдэж байна?
-Монгол Улсын Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан албан даалгавар гарсан. Үүний дагуу мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн эрсдэлтэй нутгаас отрын бүс нутагт мал оруулахгүй. Энэ ажлын хүрээнд маршрут гаргасан. Тухайлбал, аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргааны даргын тушаалаар тухайн өвөлжих малын тоо болон маршрут батлагдсан. Жишээлбэл, Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас явах малчин өрх хаагуур явж, отрын бүс нутагт орох вэ гэдгийг маршрутаар зааж өгсөн. Ингэхдээ замын сумдын мал эмнэлгийн байцаагч нарт мал эмнэлгийн бүрэн үйлчилгээнд хамрагдсан эсэхээ шалгуулна.
Аймаг дундын долоон отрын бүс нутагт мал өвөлжинө гэлээ. Хоёр бүс нутагт нь ямар шалтгааны улмаас мал өвөлжүүлэхгүй байгаа вэ?
-Энэ жил Булган аймгийн Чилэн, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутагт мал өвөлжихгүй. Учир нь малын гоц халдварт өвчин уг бүс нутагт бүртгэгдсэн. Мөн тухайн отрын бүс нутагт өвөлжих малын тооны захиалгыг есдүгээр сард авдаг. Отрын бүс нутагт өвөлжүүлэх малын тоо ирүүлсэн сумдын бэлчээрийн даац, багтаамжийг судалсан. Үүний дагуу тухайн отрын бүс нутагт захиалга ирүүлсэн сумд өөрсдийн нутагтаа өвөлжих боломжтой юм байна гэж дүгнэсэн учир уг шийдвэрийг гаргасан.
Мөн ХХААХҮ-ийн сайд болон Шадар сайдын албан даалгаварт отор нүүдлийг аймаг аймагтаа зохион байгуулахаар болсон. Цаашдаа хөндлөн чиглэлд отор нүүдэл явуулахгүй. Харин босоо чиглэлд буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулах бодлогын баримт бичигт тусгуулах ажил хийгдэж байгаа.
Отрын нөөц нутаг байгуулах уу?
-Жил бүр аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих малын тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан аймаг дундын отрын бүс нутгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Тиймээс өнгөрсөн жил зургаан аймагтай хамтран сум дундын отрын бүс нутаг буюу 2 орчим сая га бэлчээрийг ашиглах зөвшөөрөл авсан.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ