Завхан аймгийн төрөх эмнэлэг ханаараа дулаан алдаж, эх нярай зутарч байна

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн нөхцөл байдлын зураг олон нийтийн сүлжээнд цацагдав. Өвлийн хүйтэнд эмнэлэг халаалтгүй болсноос дөнгөж төрсөн ээжүүд зударч, хөнжлөө нөмрөн хүүхдээ хөхүүлж буй зураг олон шүүмжлэлийг дагуулав. Тиймээс бид нөхцөл байдлын талаар Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаагаас тодрууллаа.
-Танай эмнэлгийн төрөх тасгийн зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, багагүй асуудал үүсгэлээ. Халаалт хэвийн болсон уу, ямар асуудал үүссэн юм бол?
-Уурын зууханд гэмтэл гарснаас сүүлийн гурван хоног халаалт доголдсон. Гэмтлийг засварлаж, өчигдрөөс халаалт хэвийн болсон. Орой 21 цагийн үед эмнэлгээрээ явж, халаалтаа үзсэн, сайжирсан байна лээ.
-Одоо төрөх тасгийн нөхцөл байдал хэвийн болсон гэж ойлгож болох уу?
-Өмнөхөөсөө арай дээрдсэн. Гэхдээ эмнэлгийн барилгын хана их нимгэн, дулаан алдалт ихтэй учраас халаалт хангалттай сайн биш байгаа.
-Хэзээ ашиглалтад орсон, хэдэн давхар барилга вэ?
-2013 онд ашиглалтад орсон. Гурван давхар 50 ортой амаржих газар.
-Шинэ барилга юм байна. Ямар компани барьсан юм бол?
-Компанийн нэрийг яг одоо санахгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан. Намайг 2016 онд ажил авахад барилгын компанитай эргэж асуудал ярих гурван жилийн хугацаа дууссан байсан учраас асуудал ярьж чадаагүй.
-Эмнэлгийн ханыг зузаалах төсөв хөрөнгө хөөцөлдсөн үү? Ямар боломж байна вэ?
-Ханыг зузаалах талаар ийш тийшээ төсөл хөтөлбөр бичсэн. Аймгийн төсөвт 650 сая төгрөг тусгуулсан байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 02 дугаар сарын 02-нд хуралдана. Тэр хурлаар шийдэгдэх байх гэж найдаж байна.
-Энэ талаар УИХ-ын гишүүддээ хандсан уу, улсын төсөвт хөрөнгө төсөвлөсөн болов уу?
-Одоогийн хоёр гишүүнд хандаагүй.
-Эмнэлгийн засварын жилийн төсөв хэдэн төгрөг байдаг вэ. Жилийн төсвөөр энэ асуудлыг шийдэх боломжгүй юу?
-Улсын төсвөөс нийт засварт 11 сая төгрөг төсөвлөгддөг. Энэ мөнгө байшин барилга, машин техник гээд бүх засварт зориулагддаг учраас хүрэлцдэггүй. Шинэ хууль дүрмээр гүйцэтгэлээр санхүүжиж, төсвийн зардал хоорондоо гүйдэг болохоор учиртай байна. 2022 оны 01 дүгээр сараас эхлэн эмнэлэг бие даасан байдал руугаа шилжинэ. Тэгэхээр бид цалин мөнгө, засвар үйлчилгээ гээд бүгдийг өөрсдөө зохицуулах боломж нээгдэнэ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ