Хятадын Эрүүл мэндийн улсын хороо болон Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Өвөр Монголын хилийн хот болох Манжуур хот руу коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хэсгийг илгээжээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагаас ням гарагийн 16.00 цагийн хооронд Манжуур хотод коронавирусийн халдварын батлагдсан 19 тохиолдол бүртгэгдэж, нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул ням гарагт ажлын хэсгийг илгээжээ. Манжуур хотод дэгдсэн энэ халдвар ямар штаммаар үүсгэгдсэнийг тодорхойлох шинжилгээний хариу гараагүй байгаа гэнэ.
Бямба гарагт Манжуур хотод оршин суугчдаас урьдчилан сэргийлэх, танадах шинжилгээ авах үед гурван тохиолдол батлагдсаны дараа хотын оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн байна. Хэвлэлийн мэдээлснээр, ням гарагийн 16.00 цагийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 19 тохиолдол болон хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлан эмчилж байгаа гэнэ. Мөн ойрын хавьтлуудыг тусгаарлажээ.
Манжуур хот нь Орос, Монголтой хиллэдэг, Хятад-Европын ачааны галт тэргүүд өдөр бүр дамжин өнгөрдөг хот юм. Сүүлийн хэдэн сард Хятадад дэгдсэн халдварын дэгдэлтүүдийн зарим нь хилийн хотуудад илэрч байлаа. Өнгөрсөн 10 дугаар сард гарсан халдварын хоёр дэгдэлт нь Өвөр Монголын Эзнээ хошуу, Хэйхэ, Хятадын зүүн хойд нутагт байх Хар Мөрөн мужид бүртгэгдэж байсан. Эдгээр нь бүгд хуурай замын хилийн боомттой бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хилийн боомтыг хааж, хотуудад хөл хорио тогтоож байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |