ОХУ УЦС-аас татгалзахыг Монголд дахин тулгав

Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Валериевна Абрамченко тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж, хоёр талын засгийн газар хоорондын комисс хуралдаж, олон асуудал хэлэлцсэн юм.
Эдгээрийн дундаас хамгийн их анхаарал татсан нь Усан цахилгаан станцтай холбоотой Абрамченкогийн мэдэгдэл байв. Тэрбээр уулзалтын үеэр Орос улс Байгал нуурт цутгадаг голууд дээр УЦС байгуулах Монголын төсөлд таагүй ханддаг гэдгээ илэрхийлэхийн дээр Галуут нуурын цахилгаан станцаас эрчим хүчний хомтслоо нөхөхийг санал болгосон юм.
"ОХУ-ын хувьд энэ асуудал нэн эмзэг (shuud.mn: Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудал ). Бид ирэх онд Казаньд ЮНЕСКО-ийн комиссийг хүлээн авахад бэлдэж байна. Бидэнд Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах нь нэн чухал. Үүний зэрэгцээ бид монгол түншүүдээсээ Монголын нутаг дэвсгэр дээр эрчим хүчин чадал хангалтгүй байгаа талаар сонсож байгаа. Тиймээс бид, тухайлбал Галуут нуурын цахилгаан станцаас шаардлагатай эрчим хүч нийлүүлэхэд туслахад бэлэн байна" хэмээн Абрамченко мэдэгджээ.
Монголын УЦС төсөл
Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан цахилгаан станц барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч хөрөнгө мөнгө, хөрш орны эсэргүүцэл зэрэг олон саад бэрхшээлийг туулж чадалгүй өнөөг хүрсэн юм.
Сүүлийн жилүүдэд Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС баригдснаар нуурын эко системд нөхөж болшгүй хор хохирол учруулна гэж үзсэн Оросын зарим экологчид, төрийн бус байгууллагууд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох энэхүү төслийг хүчтэй эсэргүүцсээр байна.
Тиймдээ ч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын УЦС-тай холбоотой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаагийн дээр Оросын талаас Монгол Улсыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаа юм. Тэдгээрийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал.
Энэ талаар хэдэн жилийн өмнөөс эхлэн Оросын хэвлэл мэдээллээр гарч, Монгол хямд эрчим хүч авахаар “шантааж” хийж байгаа гэх мэтээр бичиж, хүссэнээ авчихвал монголчууд УЦС барих төслөө татгалзана гэх байр суурь оросуудын дунд байсан нь нууц биш.
Тиймдээ ч Оросын албан ёсны байр суурь, тэр дундаа эрчим хүч нийлүүлэх асуудлаарх ОХУ-ын Эрчим хүчний яам болон Байгаль орчны яамных нь байр суурь ч хэвлэлээр тасралтгүй гарсаар байв. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр ТАСС агентлаг “Орос, Монгол Улс гуравдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээ дамжуулж байлаа. Гарчгаас нь эхлээд харахад “нийлүүлэх боломжийг судална” биш харин “нийлүүлэх асуудлыг судална” гэжээ.
Тэгэхээр, 2017 онд Путин Буриадад айлчлахдаа Монгол руу хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх боломжийг олон талаар судлах үүргийг Буриадын эрх баригчдад өгсөн, үүний дараа Буриадын тэргүүн Алексей Цыденов 2018 онд Монгол Улсад айлчилж, Оросын талын байр суурийг “хүргэсэн” аль эсвэл “тулгасан” гэж хэлж болохоор. Ийн хэлэх болсны шалтгаан нь Цыденовын айлчлалын дараа түүний албан ёсны цахим хуудсан дээр гарсан мэдээлэлд “хоёр орны харилцааг бэхжүүлэхийн дээр эрчим хүчний асуудал дээр хамтран ажиллана гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байсан юм.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсыг УЦС барих төслөөсөө татгалзаж, үүний оронд Оросоос эрчим хүч авах саналыг ил далдаар, хэдэнтээ тавьж байв.
Тухайлбал, 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол руу эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн” гэсэн санал тавьж байсан юм. Үүнийг Оросын хэвлэлүүд дамжуулахдаа “Путин Байгал нуурыг хамгаалахын тулд Монгол руу хямд эрчим хүч нийлүүлэх санал тавив”, “Байгал нуурыг хамгаалах дахин нэг алхам” гэх зэрэг гарчигтайгаар нийтэлж байлаа.
Мөн, 2016 оны зургаадугаар сард Ташкентад дээрх гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр Путин “эрчим хүчний хомсдолыг шийдэх өчнөөн арга зам байсаар байхад яагаад заавал байгаль экологид хортой аргыг сонгоод байгаа юм” гэж манай тэргүүнд “ширүүлж” байсан удаатай. Үүний дараа л БНХАУ Монголын төслийг санхүүжүүлэх гэж байсан хөрөнгөө царцааж, урт удаан настай УЦС-ын төсөл урагшилдаггүй байрандаа зогсчихож байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ