Талибууд агаарын цэргийн хүчний сургуулилалт хийлээ
2021-11-30

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөгөн өөрсдийн бүрдүүлсэн Агаарын цэргийн хүчний анхны цэргийн сургуулилалтыг Балх мужид хийжээ. Энэ талаар талибуудын Агаарын цэргийн хүчний командлагч Амануддин Мансураас авсан эх сурвалжтайгаар Афганистаны TOLOnews суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн сургуулилалтад Орост үйлдвэрлэсэн Ми-17 нисдэг тэргүүд, Америкийн MD онгоцуудыг ашиглажээ. Өмнөх засгийн газрын үед Агаарын цэргийн хүчинд зүтгэж байсан цэргүүд, тэр дундаа техникийн мэргэжилтнүүд Балх мужид "Исламын эмират Афганистан" (shuud.mn: талибууд Афганистаныг ийнхүү нэрлэж байгаа) -ы Агаарын цэргийн хүчинд ажиллаж байгаа гэж Амануддин Мансур мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр, бэлтгэл хийж, өмнөх засгийн газрын үед алба хааж байгаад улсаасаа зугтсан нисэгчид Афганистанд эргэн ирэх хэрэгтэй хэмээн онцолсон байна.

 

"Улсаа орхин гарсан хэн бүхнийг эргэн ирж, ард түмнийхээ төлөө зүтгэхийг бид хүсэж байна. Тэднийг Агаарын цэргийн хүчинд эргүүлэн авна" хэмээн Амануддин Мансур мэдэгджээ. 

 

Түүнчлэн ойрын үед хэвийн ажиллагаатай болон гэмтэлтэй нисдэг тэргүүдийг тоолох, талибуудад зүтгэхэд бэлэн нисгэгчдийн тоог гаргахын тулд бүхий л нисэх буудлуудаас мэдээлэл цуглуулна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин