Өмнөд Африкийн эмч омикроны халдварын шинж тэмдгүүдийг нэрлэв

Өмнөд Африкийн улс орнуудад дэгдэж, Европын орнуудад ч бүртгэгдээд байгаа омикрон штаммын улмаас олон орон хилээ хааж, Африк тивээс нислэг хүлээн авахаа зогсоогоод байна. Энэ штаммын халдварын талаарх тодорхой мэдээлэл хараахан гараагүй, гэхдээ Африкийн орнуудын эмч нарын ажиглалтаар омикрон штаммын халдвар нь хөнгөн хэлбэрээр илэрдэг талаарх мэдээлэл гарсаар байгаа юм.
Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эмч Унбэн Пиллэй омикрон халдварын түгээмэл шинж тэмдгийн талаар өгүүлжээ. Түүний өгүүлснээр, одоогоор энэ төрлийн халдвар авсан өвчтөнүүдэд томуутай төстэй шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ. Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлжээ.
Пиллэй эмчийн өгүүлснээр, омикроны халдвар авсан хүмүүс бүгдээрээ "маш хөнгөн хэлбэрээр өвдсөн", гэхдээ ямар нэг дүгнэлт хийхэд хараахан эрт гэнэ. Халдвар авсан хүмүүст хуурай ханиалгах, халуурах, шөнө хөлрөх, бие өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа аж. ӨАБНУ-ын Анагаах ухааны холбооны мэдээлснээр, омикрон халдварын гол шинж тэмдэг нь ихээр ядарч сульдах бол нэг ч өвчтөнд үнэр, амтаа алдах шинж тэмдэг илрээгүй гэнэ.
Омикрон штамм анх 11 дүгээр сарын эхээр илэрч, хоёр долоо хоногийн өмнөөс л олон нийтэд энэ мэдээлэл хүрсэн юм. Энэ штамм нь маш олон мутацитай тул дельта штаммаас хурдан тархах, эсрэг биетүүдэд тэсвэртэй байж болзошгүй гэсэн таамаглал гарсан. Омикрон штаммын халдвар дэлхийн 20 оронд хэдийнэ бүртгэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ