Дэлбэрэлтийн улмаас орон сууцны хана цуурч, дулааны шугам задарчээ
Дархан-Уул аймгийн Дархан хот буюу арванхоёрдугаар багийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын 26 тоотод газ дэлбэрч, ослын улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн бэртсэн болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Уг айл гэртээ “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ хадгалж байсан бөгөөд 5 литрийн баллонтой хийн түлш нь ийнхүү дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас тус байрны дулааны шугам задарч, Аврах гал унтраах ангийн ус их хэмжээгээр асгарсан тул бүх оршин суугчдыг 15-р сургууль болон 22-р цэцэрлэгт байрлуулсан аж. Харин галыг унтраахад ашигласан их хэмжээний ус хөлдүүс үүсгэсэн тул холбогдох албаныхан болон оршин суугчид мөсийг арилган аюулгүй зорчихоор болгожээ. Уг ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын шинжээчдээс бүрдсэн баг өчигдрөөс Дархан хотод ажиллаж байна. Уг дэлбэрэлтэд өртсөн айлын хана хэд хэдэн газраа цуурч, ойролцоох айлуудынх нь цонхнууд хагарсан. Түүнчлэн замын эсрэг талд байрлах Дархан хотын Шуудан холбооны нэг, хоёр давхарын цонхнууд мөн хагарсан байгаа нь уг дэлбэрэлтийн хүч маш их байсныг харуулж буй. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ