БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй

Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Хуа Чуньин Хятад дахь Японы Элчин сайд Хидео Тарумиг нэн яаралтай дуудан уулзсан байна. Энэ нь Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Хятад улс Тайвань руу дайрвал Япон, АНУ зүгээр суухгүй гэж 12 дугаар сарын нэгний өдөр мэдэгдсэнтэй холбоотой юм.
Гадаад хэргийн сайдын туслах Хуа Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн үгийг нэн алдаатай гээд, Абэг "Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
"Япон түүхэндээ Хятадын эсрэг түрэмгий дайн дэгдээж, Хятадын ард түмний эсрэг аймшигт хэрцгий гэмт хэрэг өдүүлж байсан. Энэ улс Тайванийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийх эрхгүй" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Японы Ерөнхий сайд асан, тус улсын эрх баригч Либераль ардчилсан намын томоохон фракцийн тэргүүн Шинзо Абэ Хятадыг Тайвань руу дайрахгүй байхыг анхааруулжээ. Нөхцөл байдал ингэж эргэвэл Япон, АНУ зүгээр хараад сухгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Энд дуулгахад Шинзо Абэ Тайванийн Үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан цахим форум дээр үг хэлэх үеэрээ "Хятадын ард түмэн, тэр дундаа Ши Жинпинь дарга энэ мөчийг ойлгохдоо андуурч будилахгүй байх хэрэгтэй" хэмээсэн юм. "Тайванийг тойрсон онц нөхцөл байдал Японы хувьд ч онц байдал юм. Түүнчлэн Япон, Америкийн эвслийн хувьд ч онц байдал. Хятадын ард түмэн, тэр дундаа Ши Жинпинь дарга энэ мөчийг ойлгохдоо андуурч будилахгүй байх хэрэгтэй" хэмээн Шинзо Абэ мэдэгдэж байв.
Нөхцөл байдал хурцадсан нь
Сүүлийн үед Тайвань, Хятадын хоорондын зөрчил хурцдаж, Хятад ойр ойрхон цэргийн онгоцоо арал руу илгээсэн. Тун удахгүй Хятад Тайвань руу довтлох боломжтой болсон гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд ч мэдэгдэж байлаа. Улмаар Тайванийн тэргүүн Цай Инвэнь "Тайвань улс "Хятадын аюул заналд" хариу өгөхөд бэлэн бөгөөд ардчилсан хэв маягаа хамгаална" гэж мэдэгдэж байв.
Тайвань улс түрэмгий үйлдэл гаргахгүй ч "Хятад бидэнд зориулсан замаар Тайванийг явуулахыг хэнээр ч албадуулахгүйн тулд" батлан хамгаалахаа бэхжүүлнэ гэж Цай Инвэнь мэдэгдсэн байна. "Бид хүчирхэг болохын хэрээр Хятадын зүгээс ирэх дарамт хүчтэй болно" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Энэ оны 10 дугаар сард Хятадын цэргийн онгоцууд Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах бүсэд нислэг үйлдсэн юм. Харин энэ нь үндэсний аюулгүй байдал, нисэх хүчний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, сүүлийн 72 жилд тохиогоогүй төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж Тайванийн Ерөнхийлөгч онцолж байсан юм.
Үүний дараа, өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын гишүүдийн төлөөлөл Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь Хятадын дургүйцлийг төрүүлж, "нэг Хятад" бодлогыг алдагдуулж байна хэмээн үзэж байлаа. Улмаар АНУ-ын төлөөлөгчид Тайвань арал дээр цэргийн онгоцоор газардсаны улмаас Хятад улс армиа байлдааны бэлэн байдалд оруулж байв. Үүний араас, 11 дүгээр сарын 28-ны өдөр, энэхүү Америкийн төлөөлөгчдийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчин Тайвань арал руу байлдааны 27 онгоц илгээсэн юм.
Энд дуулгахад, Тайваньд Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний үлдэгдэл дүрвэн очсон 1949 оноос хойш энэ улс өөрийн гэсэн захиргаа бүхий удирдлагатай байгаа юм. Харин БНХАУ Тайванийг өөрийн орны нэг хэсэг гэж үздэг бөгөөд Орос зэрэг орнууд Хятадын энэ байр суурийг дэмждэг.
.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ