Япон улсын Засгийн газраас Омикрон хувилбар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

“КОВИД-19 цар тахалтай тэмцэх Япон улсын Засгийн газрын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад нийлүүлж буй түргэн оношлуурыг ЭМЯ-ны удирдлагуудад хүлээлгэн өгч байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 883 сая иений санхүүжилт бүхий тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ оны долдугаар сард Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Элчин сайд нар солилцох бичигт гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэхээр ЭМЯ болон Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг шаргуу хамтран ажилласны дүнд хөтөлбөрийн хэрэгжилт эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд шинэ төрлийн коронавирус халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын дээжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Цар тахлын хямралыг арилгахад Япон Улсаас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологиуд нэвтрүүлнэ. Тухайлбал, Вирусийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн хоёр иж бүрдэл хүлээн авах юм.
Мөн дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд шинэ коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, уушгины багтаамж шалгагч, вакцин тээвэрлэх машин, вакцин хадгалах хүйтэн хэлхээний төхөөрөмж зэрэг нийлүүлэгдэх юм.
Өнөөдөр хүлээн авсан түргэвчилсэн оношлуур нь буцалтгүй тусламжийн дээж нь юм. Ингээд ЭМ-ийн сайд С.Энхболд болон салбарынхаа нэрийн өмнөөс Япон улсын засгийн газарт гүн талархал илэрхийлье" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ