Монголчууд уучлал гуйхыг шаардаж, Солонгосын Элчин зөвлөх харамслаа илэрхийллээ

Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа иргэд цуглаад байна. Тэд БНСУ-д сургуулийн хүүхдүүдэд зодуулж, хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины эрхийг хамгаалах талаар ЭСЯ-нд албан бичиг хүргүүллээ. Иргэдийн төлөөлөл Ж.Отгонбаяр монгол хүний аюулгүй байдалд халдсан энэ үйл явдлыг монголчууд хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг хэлж байна.
Албан бичигт “...Монгол охиныг зургаан цагийн турш зодож тамласан асуудлыг Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Тиймээс охины гэр бүл болон Монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлал гуйхыг шаардаж байна. Мөн хүчирхийлэлд өртсөн охинд нөхөн төлбөр олгуулахаас гадна өмгөөллийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байна. Мөн цаашид ийм үйл явдал гарахгүй байхад анхаарах”-ыг дурджээ.
БНСУ-ын ЭСЯ-наас өнөөдрийн дотор багтааж уучлал гуйхгүй бол маргааш илүү олуулаа цуглаж, цаашид олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа ч иргэдийн төлөөлөл хэлж байна.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким Чоль Сан "Монгол, Солонгос улс дипломат харилцаа тогтоож, 30 гаруй жил найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн энэ цаг үед ийм харамсалтай хэрэг гарсанд хувиасаа болон ЭСЯ-ны дипломат ажилтны хувиар туйлаас харамсаж байгаагаа илэрхийлье.
БНСУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтны хувиар энэ хэргийг нэн даруй, шударгаар шийдвэрлэхээр Солонгосын холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна. БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шуурхай, шударгаар шийдэхэд анхаарал хандуулан ажиллах болно. Хэрэг шийдэгдсэн даруйд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ" гэдгийг хэллээ.
Мөн охин болон түүний гэр бүлийн аюулгүй байдалд БНСУ-ын Засгийн газраас анхаарал хандуулна гэдгээ хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ