М.Тулгат: Маргааш хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулна

АН-ын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрх Ардчиллын үйл хэргийн төлөө тууштай, үнэнч зүтгэж тэмцэж ирсэн Монголчууддаа баярласан талархсанаа илэрхийлж маргааш болох Ардчилал хүний эрхийн мэндийг чин сэтгэлээсээ хүргэж байна.
Ардчилсан намын хувьд арванхоёрдугаар сар чухал онцлогтой сар байдаг. Түүхэн ойн өдрүүд энэ сард болдог. Маргааш уламжлал ёсоор С.Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Мөн хүний эрхийн нээлттэй цуглаан хийхээр төлөвлөж байна. Нээлттэй цуглаанд хүний эрхийн төлөө ажилладаг олон нийтийн байгууллага, иргэдийг ирж үгээ хэлэхийг хүсэж байна.
МАН их хурлаа хийлээ. Уг их хурлаар хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа юм байна. Эрх баригч нам хүний эрх, ардчилал, луйвартай холбоотой асуудалд маш их алдаа гаргаж байсан. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхэнд халдсан. Коронавирусийн хуулиар далимдуулж бизнес эрхлэгчид, иргэдээ хохироож байсан зэрэг маш олон алдаа завхрал гаргасан. Гэхдээ энэ асуудалдаа сургамж авч, эрх баригч намын хувьд хүний эрхийн асуудалд анхаарч байгаа нь маш том дэвшил юм. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ