Норвеги, Данид Зул сарын баяраар хязгаарлалтуудаа чангатгана

Норвеги, Данийн эрх баригчид Зул сар, шинэ жилийн баярын өдрүүдээр халдварын тархалт улам нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрнэ гэж үзсэний улмаас нэмэлт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэвтрүүлэхээр болжээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, ихэнх хязгаарлалтууд 12 дугаар сарын есний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна. Баяр дөхөх тусам шинээр хязгаарлалт тавьж болзошгүй бөгөөд учир нь эдгээр улс орнуудад халдварын тоо эрчимтэй өсөж байгаа аж.
Норвегид амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлж, гэр бүлийн баяр дээр ч цугларах хүмүүсийн тоог хязгаарласан байна. Ингэснээр нэг дор 10-аас дээш хүн цугларах боломжгүй болжээ.
Данид хувийн болон улсын байгууллагуудын ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг зөвлөж, дунд сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэн, 00.00-05.00 цагийн хооронд согтууруулах ундаа зарахыг хориглосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ