Путин: Ерээд онд манай засгийн газарт АНУ-ын тагнуулууд ажиллаж байсан

1990-ээд оны дунд үеэр Оросын Засгийн газарт АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын орон тооны ажилтнууд ажилладаг байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр Иргэний нийгмийн хөгжлийн зөвлөлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
"2000-аад оны эхээр би бүгдийг нь цэвэрлэсэн. Гэхдээ 1990-ээд оны дунд үед ОХУ-ын Засгийн газрын зөвлөх, албан ёсны ажилтнууд байдлаар АНУ-ын ТТГ-ын орон тооны ажилтнууд ажиллаж байсан нь сүүлд тодорхой болсон" хэмээн Путин мэдэгджээ.
Путиний өгүүлснээр, эдгээр тагнуулын ажилтнууд АНУ-д эрүүгийн хариуцлагад татагдсан бөгөөд тэд ТТГ-ын ажилтан, сайд нарын танхимд ажиллаж байхдаа хувьчлалд оролцож Америкийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн тэднийг буруутгасан гэнэ.
Энд дуулгахад, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн дарга асан, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний хамтран зүтгэгч Руслан Хасбулатав мэдэгдэл хийхдээ Ельциний эргэн тойронд "Тагнуулын төв газрын олон зуун тагнуулууд хүрээлж байсан" хэмээн онцолж байв. Түүнчлэн ЗХУ задрахаас өмнөхөн төрийн өндөр албан тушаалд томилохтой холбоотой зөвлөгөөг гадаад аялгатай үл мэдэгдэх хүн Борис Ельцинд өгч байсан гэж Оросын дэд ерөнхийлөгч асан Александр Руцкой өгүүлж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ