"Фукушима-1" АЦС-ын усыг тэнгис рүү асгах ажлын бэлтгэл эхэлжээ

Японы Tokyo Electric Power эрчим хүчний компани "Фукушима-1" атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг тэнгис рүү цутгах ажлын хүрээнд барилгын ажлаа өнөөдөр эхлүүлжээ. Энэ талаар NHK суваг мэдээлсэн байна.
Энэ компани 10 м гүнтэй газар доорх нөөцлүүр барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нөөцлүүрт тэнгис рүү цутгахаас өмнө усан дахь тритийн агууламжийг хэмжих юм байна.Нөөцлүүр барих зорилгоор 12 дугаар сарын 10-ны баасан гарагт ажил явуулах талбай дээр барилгын техник материалуудыг татжээ.
Эргэн сануулахад, 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 гаруй метрийн өндөртэй цунами үүссэн юм. Энэ байгалийн гамшгийн улмаас "Фукушима-1" атомын цахилгаан станцад осол гарч, реакторын хөргүүрийн систем эвдэрсэн. Улмаар байгууламжийн битүүмжлэл алдагдаж, цацраг идэвхит бодис тархсан бөгөөд станцын орчмын нутаг дэвсгэрээс 300 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байв. Энэ үеэс хойш атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашигласан 1.25 сая тонн ус станцын нутаг дэвсгэр дээр хуримтлагджээ. Харин энэ усыг далайд цутгах шийдвэрийг Япон улс дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гаргасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ