Афганистаны нийслэлд хоёр дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алджээ

img

Афганистаны нийслэл Кабул хотод хоёр дэлбэрэлт болжээ. Энэ талаар афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар 1TVNews мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хоёр дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна.

 

Энд дуулгахад, Афганистаны төрийн эрхийг талибууд энэ оны наймдугаар сард авснаас хойш тус улсад дэлбэрэлт, халдлага байнга үйлдэгдэж байгаа юм. Эдгээр халдлагын ихэнхийг Исламын улс алан хядах байгууллага үйлдсэн гэж үздэг. 

 

Сарын өмнө, 11 дүгээр сарын долооны өдөр Афганистаны Нангархар мужийн төв Желалабад хотын цагдаагийн хэлтсээс холгүйхэн хоёр дэлбэрэлт болж, үүний дараа "Талибан" хөдөлгөөний дайчид болон "Исламын улс" бүлэглэлийн салбар болох "Хоросан дахь Исламын улс" бүлэглэлийн дайчдын хооронд буудалцаан болж байв. Дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсан бөгөөд тэд бүгд "Талибан" хөдөлгөөний гишүүд байсан гэж эх сурвалжууд мэдээлж байлаа. Түүнчлэн, энэ явдлаас сарын өмнө буюу 10 дугаар сарын эхээр Афганистаны Кундуз мужид байрлах шийтийн сүмд дэлбэрэлт болсны улмаас 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархадсан. Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа шоронгоос олон алан хядагч сулласан нь өнөөгийн аюулт нөхцлийг бий болгосон гэж шинжээчид үзэж байгаа бол "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдэл хийхдээ "Исламын улс бүлэглэл талибуудын хувьд толгойны өвчин болж байна" хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ