Хүүгээ 14 жилийн дараа олсон ч хүү нь өргөж авсан гэр бүлдээ үлдэхээр шийджээ

Хятадын гэр бүл хулгайлагдсан хүүгээ 14 жил хайсны эцэст олсон ч хүү нь өргөж авсан эцэг эхтэйгээ үлдэхээр шийджээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Одоо 18 настай Сунь Жо 14 жилийн өмнө, 2007 онд Шэньжэнь хотоос хулгайлагджээ. Тухайн үед хүү дөрвөн настай байсан гэнэ. Эцэг эх нь хүүхдээ олох найдлагаа таслалгүй, хүүгийн аав Сунь Хайян болон ээж Пэн Сьин нар хүүгээ хайхын тулд бүхий л өмч хөрөнгөө заржээ. Тэд хүүгийнх нь байгаа газрыг мэдээлсэн хүнд 31 мянган долларын шагнал амлаж байсан аж.
Хүүгийн аав Хятадын өнцөг булан бүрээр явж хүүгээ хайсан ч олоогүй гэнэ. Ингээд 14 жилийн дараа Сунь Жог царай таних технологийн тусламжтайгаар Шаньдун мужаас олжээ. Мөн хэргийг сэжигтэн этгээдийг ч баривчилсан байна. Сэжигтэн этгээд Суниас гадна өөр хүүхэд хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Харин Сунийг өргөж авсан эцэг эх нь шүүхээс өмнө барьцаагаар суллагдсан байна.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, төрсөн эцэг эх нь хүүгээ тасралтгүй 14 жил хайсны эцэст олсон ч хүү нь 10 гаруй жил өсгөсөн, өргөж авсан эцэг эхээ сонгосон гэнэ.
Хятадад хүүхэд хулгайлагдах нь түгээмэл үзэгдэл бөгөөд шинжээчдийн өгүүлснээр жил бүр олон мянган хүүхэд хулгайлагддаг гэнэ. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 2021 онд 8000 гаруй хүүхэд эргэн эцэг эхдээ очжээ. Ихэвчлэн ДНК шинжилгээ, царай таних технологийн ачаар хулгайлагдсан хүүхдүүдийг олж чаддаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ