Б.Батцэцэг: БНСУ дахь Элчин сайд, Консулд хариуцлага тооцох нь зүйд нийцнэ

БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах асуудлаар Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг тайлбар өглөө.
Тэрбээр, БНСУ-д саяхан маш харамсалтай хэрэг болсон. Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулж сэтгэл санааны болон бие махбодийн хүнд гэмтэл учирсан. Хэдийгээр энэ хэрэг долдугаар сард болсон ч арванхоёрдугаар сарын 02-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш яамны удирдлагууд мэдсэн. БНСУ-д суугаа ЭСЯ болон Бусан хотод суугаа Консулын тойрогт энэ хэрэг болсон.
Би Гадаад харилцааны сайдаар томилогдоод жил болох гэж байна. Энэ хугацаанд Элчин сайд нартаа тавьж буй хоёр гурван томоохон асуудал бий. Хамгийн чухал нь хилийн чанадад суугаа иргэдтэйгээ ажиллах. Тухайн хүмүүсийн жаргал зовлон аж байдлыг нь мэддэг, санаа сэтгэлийг сонсдог харьцдаг байх ёстой. ЭСЯ-нд Консул буюу иргэдтэй харилцдаг ажилтнуудын тоо маш цөөхөн. Жишээлбэл, БНСУ-д хоёрхон хүн бий. Хэдий тийм боловч удирдлагууд, дипломатууд оролцож байх ёстой. Гэвч учир дутагдалтай ажиллаж байна. Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд хүүхэд хүчирхийлсэн хэргийг мэдэж болох байсан. Мөн тухайн суугаа орныхоо хууль хяналтын байгууллагууд буюу гадны иргэдтэй холбоотой газруудтай нягт хамтарч ажилладаг, холбоотой байх ёстой. Гэвч дутагдалтай байна. ГХЯ-ны удирдлагуудын зүгээс Элчин сайд болон консулд хариуцлага тооцох нь зүйд нийцнэ гэж үзсэн. Тиймээс саналаа хүргүүлсэн.
АН-ын бүлгийн хуралд суулаа. АН-ын бүлгийн гишүүд Бусаны Консул иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа учир хэргийг дуустал ажиллуулах санал хэлсэн. Консул дуудах асуудал яамны удирдлагуудын хүрээнд яригддаг учир дахин ярилцъя. Элчин сайдын тухайд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн" гэж мэдээллээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ